Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Монгол Улс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч болох ёстойг хүнсний салбарын зөвлөгөөнөөр онцоллоо

Монгол Улс үйлдвэрлэгч, баялаг бүтээгч болох ёстойг хүнсний салбарын зөвлөгөөнөөр онцоллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын баялаг бүтээгчдийн зөвлөгөөн” Төрийн ордонд болж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн санаачлан хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулж байгаа юм.

“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд зохион байгуулж буй өнөөдрийн зөвлөгөөнд үндэсний хүнсний үйлдвэрлэгчид оролцож, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж эхэллээ.

Цар тахал, геополитик, гео-стратегийн нэн ээдрээтэй нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн жилүүдэд дэлхий даяар тээвэр логистикийн саатал үүсэж, улс орнуудын хүнсний хангамж, аюулгүй байдал эрсдэлд ороод байна.

Тухайлбал, НҮБ-ын судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн нийт хүн амын 30 орчим хувь буюу 2.3 тэрбум хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд ороод байгаа нь цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 350 сая хүнээр нэмэгдсэн байна.

Дэлхийн хүн амын 30 орчим хувь нь хүнсний аюулгүй байдлын эрсдэлд байна

Цар тахлын өмнө дэлхийн 53 орны 135 сая хүний хүнсний аюулгүй байдал ноцтой алдагдсан байсан бол өнөөдөр 82 орны 345 сая хүн болж 2.5 дахин нэмэгджээ.

Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд дэлхий дахинд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ огцом өссөнөөс шалтгаалан эрүүл, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж буй хүний тоо буурч байна.

НҮБ-ын судалгаагаар 2020 байдлаар дэлхийн 3.1 тэрбум хүн эрүүл, шим тэжээлтэй хүнс худалдан авч чадахгүй байна.

Үүний зэрэгцээ 2022 онд дэлхийн үр тарианы үйлдвэрлэл буурсан нь сүүлийн 10 жилд байгаагүй үзэгдэл болж, улс орнууд дотоодын хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж, экспортоо хязгаарлах болсон нь дэлхий даяар хүнсний хангамж доголдоход хүргэжээ.

Иймд Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, ирэх 5 жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах, цаашилбал хүнс экспортлогч орон болох, мөн малын өвчингүй эрүүл бүс бий болгох зорилт дэвшүүлсэн.

Цаашид эрчим хүч, түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүн зэрэг стратегийн ач холбогдол бүхий бараа, үйлчилгээгээ дотоодоосоо бүрэн хангах чадвартай, “Үйлдвэрлэгч, баялаг бүтээгч орон” болох ёстойг Ерөнхийлөгч зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)