Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад орно
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц ажлыг хэрэгжүүлэх хүрээнд 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг эхний ээлжинд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр /2022.08.04/ “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр байгуулсан 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, нийт 103 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийн барилга угсралтын ажил 14 сарын хугацаанд үргэлжилж, 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдоно.