Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Туулай жилийн эхэнд “төвшрүүлэх” асуудлууд хэд хэд байна, эргэн сануулъя...

Туулай жилийн эхэнд “төвшрүүлэх” асуудлууд хэд хэд байна, эргэн сануулъя...

Монгол зоны хүлээн, хүндлэн тэмдэглэдэг Сар шинийн баяр ард үлдэж, золгуут, цайллагын ажил ерөнхийдөө шувтарлаа. Урин сайхан жил гарлаа. Туулай жил төвшитгөл, хөгжлийн жил байна хэмээн Ерөнхий сайд “ам гарсан”. Ерөөс тийм л итгэл бүрэлдсэний тул ардын сэтгэл ч тэнүүн байна.

Гэхдээ бид санаа амарч болохгүй. Нүүрсний хулгай, хөгжлийн банкнаас авахуулаад ужгирсан хэргүүд, уг булхайд холбогдсон улс төрчдийн но-г үргэлж санаж, “сайчуулыг” зогсолтгүй “шахаж”, тандах хэрэгтэй. Шударга ёсыг шаардаж, шударга шүүхийг ч нэхэх ёстой. Энэ бол иргэд бидний эрхэм үүрэг. Засгийнхаа үйлийг дэмжиж буй хувь нэмэр. Тус тэр.

Удахгүй УИХ-ын хаврын чуулган эхлэнэ. Улс төрийн “цуурай” хэсэг намжаад эргэн ирж байгаа нь энэ. Ард түмний “анзаарга ч” сар шинийг гэтлээд дахин “амилж” байна. Одоо л жинхэнэ “ажил” эхлэнэ. Олон олон зүйл дэнслэгдэнэ. Нэн тэргүүнд “нэг талд нь багтаах” шаардлагатай хэд хэдэн асуудал буй. Чухлын эрэмбэтэй.  Тэдгээрийг Сануулга.мн сайт та бүхэнд тоймлон сануулъя.

НЭГ. УИХ-ЫН ГИШҮҮН Ч.УНДРАМЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭСЭХ ТУХАЙ АСУУДАЛ

Бар жилийн сүүлийг балгаараа “өнгөлсөн” улстөрч бол гарцаагүй УИХ-ын гишүүн Ч.Ундрам. Эр нөхрөө хуурсан, энхрий үрээ “хүчирхийлсэн”. Эл үйлдлүүд нь ч баримт нотолгоотойгоо олонд ил болчихсон. Сүүлд бүр хэд хэдэн тролл хаяг ажиллуулж, намын нөхдөө “баллаж” байсныг нь ч иргэд илрүүлсэн. Гэм нь тоймгүй. Гэтэл гүрийгээстэй. Хариуцлагаас бултаастай. Ёс зүйн алдаа гаргаагүй гэж мэлзсэн. Ёстой чиг халагламаар.

Өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэх нь гэж олон хэсэг шуурсан. Оргүй “цуу”  байсан бололтой. Тийм хэрийн зангараг ч Ч.Ундрам гишүүнд байсангүй. Тэгээд л ер нь асуудал нь замхрах тийшээгээ хандав. Нам нь ч сайн хамгаалсан. Нөмөртөө авсан.

Угтаа бол түмнээ төлөөлж төрд суугаа хүн ийм хөнгөн, хуймгай, ёс зүйгүй байж болохгүй. Тулх хэрэгтэй. Намба хэрэгтэй. Алдаа гаргасан бол хариуцлагаа ухамсарлах хэмжээний “шийртэй” байх ёстой. Тиймгүй л бол төрд тэнцэхгүй. Тэнцэхгүй нь ч нэгэнт илт болсон доо. Тиймээс Ч.Ундрам гишүүний асуудлыг хаврын чуулганаар эцэслэх шаардлагатай. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлье. Бүгдэд энэ жил шударга ёс ноёлноо гэдгийг үүгээр нотлон, тунхаглая.  Хэрэв тэр өөрөө бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ гаргадаггүй юм бол иргэд олон нийт ёс зүйгүй гишүүнийг эргүүлэн татах асуудлыг тавих нь тодорхой байх.

ХОЁР. Ч.МАРАЛМААГИЙН ХЭРЭГ

Өнгөрсөн оны аравдугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркын автомашин хашлага давж, эсрэг урсгалын долоон машин, хоёр хүүхдийг мөргөсөн ноцтой осол гарсан. Нэг хүүхдийг нь бараг замын хашлагатай нэдрэхээ алдаж, нүд хальтрам үйл явдал болсон. Золоор л хүний амь эрсдээгүй юм.

Эл аймшигт хэргийн гол буруутан нь Ч.Маралмаа гэгч бүсгүй. Түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт байгаа юм. Гэхдээ уг хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өнөөг хүртэл олноос нууц хэвээр. Шалгалтын ажил 3 сар орчим үргэлжилсэн. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлсэн ч  шүүх хурал нь хоёр ч удаа хойшлоод байна.

Тарьсан балаг нь илт. Бичлэгт үлдчихсэн тодоос тод. Тийм байтал бүхэл бүтэн тусгаар улсын хууль, хяналтын байгууллагынхан ганцхан хүн дээр “гацчихаад”, хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа нь юуны учир вэ?

Ч.Маралмааг нэр бүхий томоохон албан тушаалтны охин гэх мэдээлэл бий. Үгүйсгэхийн үндэсгүй. Хэн нэгэн эрхтэн, дархтан түүнийг өмгөөлж байгаа. Хамгаалж байгаа. Гарцаагүй. Тиймгүй л бол тэр ийм удаан “нар үзэхийн” шалтгаан байхгүй.

Гэм үйлдсэн бол гэмтэйгээ дүйх хариуцлагыг үүрэх л ёстой. Хэнбугай нь ч байсан ялгаагүй. Хууль хүн бүрт эрх тэгш гэдэг шүү дээ. Тиймээс энэ хэргийн зангилааг даруй тайлж,  үнэн мөнийг нь тогтоох шаардлага эрхгүй бий. Ард түмэн харж байна. Бухимдаж байна. Хүлээж байна.

ГУРАВ. НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХЭРЭГ

Нэрсийг зарла. Хариуцлага тооц. Энэ бол өнгөрсөн оны сүүлд болсон ард түмний шударга тэмцлийн уриа. Шаардлага. Монголчууд алдагдсан боломжийнхоо төлөө жагссан. 40 их наядаар нь улсаасаа хумсалсан “хулгайч” улстөрчдийн эсрэг дуугарсан. Тэр нь ч амжилт олсон. Нүүрсний хулгайн гэх хэрэг олны анхааралд орж, Засгийн газар ч хөдөлж эхлэсэн.

Иргэдийн шаардлагын дагуу АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гэх 17 хүний нэрийг зарласан. Үүний дунд долоон УИХ-ын гишүүн багтсан нь “нүд бүлтийлгэв”. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нар МАН-ын бүлгээс “цохогдов”. Харин АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн нар нэрлэгдсэн юм.

Сүүлд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар ч нэмэгдэж, “сэжиглэгдсэн” билээ.

Одоогийн байдлаар Нүүрсний хулгайн хэрэг овоо урагштай байгаа. Ерөнхий сайд ч “сайчуултай” магнайлан “үзэлцэж” байна. Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өглөө. Сайн дураараа шалгуулна гэнэ. Сайн ч жишиг боллоо. Одоо харин эл хэрэгт холбогдсон бусад нь хэрхэх нь л анхаарал татам байна. Өнөөдөр АТГ-аас олон нийтэд хандан мэдээлэл хийж, нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Н.Наранбаатар, Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нарыг яллагдагчаар татсаныг зарлалаа. Харин анх зарлагдсан Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр нарын нэр сонсогдсонгүй. Тэднийг хэрхэх болсон тухай тодорхой тайлбар ч өгсөнгүй.

Энэ хавартаа цаашлаад энэ ондоо багтааж даруй шийдэх, нэг талд нь багтаах шаардлагатай асуудлуудыг Нүүрсний хулгайн хэрэг гарцаагүй өнгөлнө. Амаргүй даваа гэдэг нь мэдээж. Гэхдээ ард түмэн хараа, хяналтаа сулруулалгүй Засагтайгаа ханьсаж, шударга үнэний төлөө хурц, шулуунаар тэмцсэн цагт давагдашгүй даваа, барагдашгүй бартаа гэж үгүй юм.

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)