Шүүх: IHC токены Б.Эрхэмбаяр, Б.Гантиг нарыг цагдан хорилоо

IHC токены үүсгэн байгуулагч, Их Бит ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг 30 хоног цагдан хорилоо.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 30 цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргасан аж.
Мөн энэ талаар Б.Эрхэмбаяр "Дөнгөж сая намайг 30 хоног хорих шийдвэр гарлаа. Миний хувьд эмзэглээд, шоконд ороод сандарсан зүйл огт алга. Гэхдээ юу нь сайхан байхав дээ. Харин IHC-ийнхаа ажилд туйлын санаа зовж байгаа учир IHC Community-д болон бусдад захиж хэлэх зүйлс байна. Одоо болж буй үйл явдал дээр IHC community-аас уучлалт гуйж байна. Уучлалт гуйж байгаа нь буруутай учраас биш шүү. Та бүхнийхээ сэтгэл санаа ямар байгааг маш сайн ойлгож байгаа учраас л. Гэхдээ бид энэ хүрээд бууж өгөх учиргүй шүү. Та бүхэн итгэлээ битгий алдаарай. Хоригдож байгаа шалтгаан гэм буруутай гэсэн шүүхийн эцсийн шийдвэр биш, хорьж байгаад шалгалтаа явуулах гэж байгаа. Зарим хүмүүс гэм буруутай нь тогтоогдоод хорьж байна гэж ойлгосон байна лээ. Та бүхэн минь үүнийг маш сайн ялгаж ойлгоорой. Би мэдүүлэгтээ бүх зүйлийг үнэнээр нь ярьж, хэлж байгаа. Миний мэдүүлэг цагдаа нарын баримттай яг таг таарч байгааг хууль хяналтын байгууллагынхан харж байгаа байх. Би ажлаа хийж байгаа хүмүүсийн ажилд саад учруулахыг огт хүсэхгүй байна. Харин ч IHC-д хэрэгтэй байсан шалгалт гэж хүлээн авч тайван байгаа. Гэм буруугүй маань тогтоогдсоны дараа гомдол гаргаж, гүтгэсэн гэж шүүх цагдаагаар явахгүй. Зүгээр чимээгүй ажлаа хийгээд явах болно. Мөн багийнхаа гишүүдэд ч маш сайн анхааруулж, хяналт тавих болно. Үнэндээ энэ хэрүүл маргаанаас залхаад жил гаруй хугацаа өнгөрчээ" гэсэн байна.
Тэднээс гадна О.Мөнхжинг 30 хоног хорих шийдвэр гарч, 461 дүгээр ангид хоригдож байгаа билээ. Тэрээр хорих ангид өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: IToim.mn