Хөгжлийн банкны "чанаргүй" зээлдэгч "Хөтөл" ХХК-ийн хэргийг маргааш шүүнэ
Хөгжлийн банкны "чанаргүй" зээлдэгчдийн нэг "Хөтөл" ХХК-д холбогдох хэргийн шүүх хурал маргааш /2023.02.28/ 10:00 цагт БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна.
Зээлийн түүх болон бусад мэдээллийг товч танилцуулахад:
2010 онд УИХ-аас гаргасан 11 дүгээр тогтоолын дагуу “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн цемент үйлдвэрлэх шугамыг хуурай аргад шилжүүлэн, технологийн шинэчлэл хийж, цемент үйлдвэрлэх хүчин чадлыг жилд 1.0 сая тонн болгон өргөтгөх зорилгоор ажлын хэсэг байгуулагджээ. Ажлын хэсгийн 2011.01.13-ны өдрийн дүгнэлтээр “Бейзмент” ХХК-ийг сонгон шалгаруулж, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК болон “Бейзмент” ХХК нарын хооронд гэрээ байгуулсан.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2012 оны 44 дүгээр тогтоолоор 61.3 сая ам долларын зээлийг 5 жилийн хугацаатай олгох тухай “Зээлийн гэрээ”-г “Бейзмент” ХХК-тай байгуулсан.
Зээлийн гэрээг үндэслэн Хөгжлийн банкнаас “Бейзмент” ХХК-нд 61.3 сая ам долларын зээлийг олгон, Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банкны 39.6 сая ам долларын зээлийг дахин санхүүжүүлж, үлдэх төлбөрийг төслийн бүтээн байгуулалтад зориулан Худалдаа хөгжлийн банкны холбогдох дансанд шилжүүлсэн.
Эх сурвалж: Төр.мн