"Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" намын нөлөөнд дэвжихгүй нь
Өнгөрсөн хавар даа. Тэмцээнд зориулж Сүхийн талбайд хөлбөмбөгийн хиймэл зүлэг дэвсээтэхтэл хүн, зон битүү шавж байгаа харагдсан. Бүр тэрхүү багахан талбарыг булаалдах шахам болж, “бужигнаж” байсныг нь ч бид олноороо үзсэн шүү дээ. Нийслэлчүүд тухтай амарч, салхилах ногоон байгууламжаар “ангаж” байгаагийн тод, томруун жишээ бол энэ.
Гадны томоохон хотуудад хаа сайгүй байдаг цэцэрлэгт хүрээлэн Улаанбаатарт ганцхан л бий. Тэр нь Баянзүрх дүүрэгт байрлах “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” гэх “сүржин” нэртэй ч “сүргүй” газар. 2009 оноос хойш өдгөө хүртэл 14 жил “оршин тогтнож” байгаа ч эл газар хүмүүсийн төсөөлсөн шиг дүр төрхийг бүрдүүлж чадаагүй хэвээр. Хангалттай мод байхгүй. Хүссэн газраа очоод суух дорвитой зүлэг, ногоо ч үгүй. Байгаа юм нь гэвэл баахан “эрээн” ТҮЦ, учир утгагүй хэдэн хөшөө л болж таарч байх шиг.
АНУ-ын Орем хотын энгийн нэг цэцэрлэгт хүрээлэн. 2023 он
Улаанбаатар хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэн. 2023 он
Дулааны улиралд бол хүүхдээ салхилуулж, цэвэр агаар “амсах” гэсэн иргэдийн хөл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд огт татардаггүй. Гэвч өөдөөс нь “өрөвдмөөр” дүр зураг угтана. Шорлог, түргэн хоолны газруудын “утаа, униар”. Мөрийтэй тоглоомын газар аятай тоглоомын цэгүүд. Тоос шороо. Бодит байдал нь чухамдаа л ийм.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үнэнхүү дүр төрхөө олж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь эл газрын удирдлагыг сонгуульд ялалт байгуулсан улс төрийн намаас томилдогт оршиж байхыг үгүйсгэхгүй.
Тухайлбал,Нарантуул захын эзэн Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуулыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-ийн захирлаар томилсны “уршгаар” уг газар ТҮЦ-ээр дүүрч, цэцэрлэгт хүрээлэн байх утгаа алдсан гэх шүүмжлэл бий. Мөн 2020 онд тус хүрээлэнгийн талбайд “Хан талст” ХХК наран шарлагын цогцолбор барьж байхад усан толионд нь өсвөр насны дөрвөн хүүхэд живж амиа алдсан эмгэнэлт хэрэг ч гарч байв.
Энэ мэт асуудлууд ар араасаа ундарсан тул Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуулыг чөлөөлж, оронд нь МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны гишүүн Ү.Оюунзул хэмээх бүсгүйг томилсон.
Ү.Оюунзул бол МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны нарийн бичгийн дарга, НАМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг МАН-ын дэргэдэх улс төрийн байгууллагуудыг дамжсан нэгэн.
Мөн “Ардын охин-Ардын хүч” гэсэн уриатайгаар сонгуульд оролцож, НИТХ-д ч сонгогдоод амжсан. Улс төрийн замнал нь сайн байгаа. Гэхдээ удирдсан ажил нь л “урагшлахгүй” хэвээр. Урьд нь байсан Эрдэнэтуулаасаа ч нэг их ялгарч шальсангүй.
Ийм л байна. Ийм л но тасрахгүй байгаагийн гэмээр Нийслэлчүүд өнөөдөр ногоон байгууламжгүй байна. Угтаа бол энэ мэт зүйлд хүртэл намын нөлөө хэрэггүй. Чадах нэгнээр нь л удирдуулвал зохино. Зүй нь тэр. Зүй бус зүйл зүй бус үр дагаварт л хүргэдэг шүү дээ...
Д.Сүрэн
Sanuulga.mn