Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарын зөрчил "хурцдаж", Д.Түвшинжаргалыг дөрөв дэх удаагаа "сандаргах" нь

Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарын зөрчил "хурцдаж", Д.Түвшинжаргалыг дөрөв дэх удаагаа "сандаргах" нь

Завханыхан өөрсдийгөө заяа сайтай ард түмэн гэж “хөөрөгддөг”. Гэвч бодит байдал дээр эсрэгээрээ л байх шиг.  Эл нутгийнханд өсөж дэвжих, хөгжихийн “тавилан” дутаж байгаа нь илт. Мэдэгдэж байна. Тоо баримтууд ч “товхийтэл” хэлээд өгч байгаа юм. Өрсөлдөх чадварын индексээрээ ойрын хэдэн жил сүүл мушгисан. 21 аймгийн “хондлой дээр л” цохиод байгаа.

Гэтэл Завханы удирдлагууд гаргалгаа, шийдэл, бодлого эрэлхийлэхийн оронд сандал ширээний хэрүүл тасралтгүй хийгээстэй. Өрсөлдөх чадвараараа хомоол хамсан гэмээ Засаг ноёныхоо нуруунд “үүрүүлж” байгаа сурагтай. Засгаа “мултлах” шалтаг ч болгож байна гэхэд хилсдэхгүй.

Учир юун гэвээс Завхан аймаг Засаг даргаа огцруулах асуудлыг дөрөв дэх удаагаа хэлэлцэх нь. Ирэх сарын 02-ны өдрийн 11.00 цагт /2023.03.02/ аймгийн ИТХ-ын ээлжит бус хурлыг цахимаар болон танхимаар хуралдуулж Засаг дарга Д.Түвшинжаргалын “хувь заяаг” дэнслэх юм байх. Бүр Д.Түвшинжаргалын орны хүний нэр ч тодорсон гэх. Тэр эрхэм нь Засгийн газрын хэрэг, эрхлэх газарт ажилладаг нэр бүхий хүн гэх “цуу” байна.

Ер нь бол Завханы удирдах аппарат 2020 оноос хойш эвээ нэг л олохгүй байгаа. “Будлиан, бантангийн замаар” буухиалсаар л өдий хүрснийг нь олон ч жишээ нотолно.  

2022 оны нэгдүгээр сард болсон Д.Түвшинжаргалыг огцруулах хоёрдугаар хурлын үеэр гэхэд л “хөгөө чирсэн”. Хошин шог цаашаа л үйл явц өрнөснийг нь Зариг.мн тэргүүтнүүд олон түмэнд дэлгэсэн шүү дээ.

Аймгийн ИТХ-ын МАН-ын 21, АН-ын 19, бие даагч нэг нийт 41 төлөөлөгчийн 21 гишүүн нь Д.Түвшинжаргалыг Засаг даргаас огцруулахыг "Дэмжсэн" бол 20 нь "Дэмжээгүй" гэх дүн гарсан байдаг. Харин тус саналын дүнг  Н.Пүрэвдорж, Н.Отгонням, Н.Дашдондов гэх гишүүд нэгтгэж МАН, АН-ын бүлгийн дарга нар нь хянасан бөгөөд Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулахыг дэмжсэн 21 төлөөлөгчийн нэг нь “дэмжсэн” гэх бичгийн өмнөх тоог дугуйлахдаа зүрхээр тэмдэглэсэн нь маргаан үүсгэж, эцэст нь дахин санал хураалт явуулсан. Санал хураалтаар АН-ын бүлгийн хоёр гишүүн өмнөх саналаасаа буцаж, "Засаг даргыг огцруулахгүй" гэж “зангаа хувиргаснаар” Засагтан албан тушаалдаа үлдэж байсан сонирхолтой “түүхтэй” юм.

Үүний дараа ИТХ-ын гишүүд нь Улаанбаатар хотод ирж Засаг даргаа огцруулах асуудлаар удаа дараа хэвлэлийн бага хурал хийж, дахин нэг хуралдсан ч мөн л амжилт олоогүй. Гандан буурахгүй зүтгэсээр эцэст нь ИТХ-ын даргаа огцруулж нэг юм “санаагаа амраасан”.

Тэгвэл энэ бүх будилаан “жам ёсоор” эхлээгүй нь тодорхой. Хөшигний ард Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нарын “эрх ашгийн тэмцэл” ч давхар өрнөж байдаг гэх мэдээлэл байна. Тэд л “хор хутгаж”, хөшүүрэгдсэн хэрэг бололтой юм.

Б.Баярсайханы гишүүний хувьд Д.Түвшинжаргалыг “үздэггүй” бөгөөд "ажил хийдэггүй" хэмээн цаг ямагт “гоочилдог” гэх. 

Харин Ц.Цэрэнпунцагийн хувьд эсрэгээрээ. Д.Түвшинжаргалтай дунд сургуулийн нэг ангийн найзууд, өнгөрсөн сонгуульд хамтран зүтгэсэн “хамтрагчид”. Засгийн суудалд “залрах” замыг нь ч засаад өгсөн “буянтан” нь.

Ийнхүү Д.Түвшинжаргал “төвтэй” хоёр гишүүний зөрчил “намжихгүй нь”. Харин ч бүр “хурцдан”, аймгийн удирдах байгууллагыг тогтворгүй болгож гурван жилд дөрвөн ч удаа “бужигнуулж” байна.  Эл хэрэг хэрхэн үргэлжилж, хэрхэн төгсөх нь тааварлашгүй. Гэхдээ энэхүү “муйхар” маргааны хөлд Завхан нутгийн хөгжил, дэвшлийн асуудал “талхлагдаж”, “умартагдаж” байгаа нь л гарцаагүй үнэн билээ. 

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 2 2 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)