Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Олны танил гэх “сэтэр зүүгчид” ардаа “шулахыг” нь зүгээр харсаар л байх уу?

Олны танил гэх “сэтэр зүүгчид” ардаа “шулахыг” нь зүгээр харсаар л байх уу?

Монголчууд бид “молигодуулж” ханахгүй ард түмэн юм. Могойны зураг цахим хаягаараа түгээгээд л “баяжина” гэж итгэж суудаг хүмүүс хойно. “Молигодуулахаас ч” яахав. Койнчдод хэсэг “сэгсрүүлсэн”. “Уйлан дугарцгаагаад л” үлдсэн. Ухаарвал  ухаарахаар цаг болсон доо уг нь. Угтаа гэтэл үгүй л юм шиг байна.

Сугалаа гээч нь одоо моод болж. Эмээлийнх, ээмэг гоёлынх, машиных, мал, малын хэрэгслийнх, идэшний үхрийнх, пүүз гутлынх гээд л. Барагдахгүй олон төрөлтэй.

Сугалаачдын ухаан ч түүнийхээ хэрээр бүр гүн “төгсөрч”. “Азтай ёндоотой хүмүүст өгье”  гэж ирээд үнэгүй өгөх гэж байгаа мэт сугалаагаа  рекламдана. Дээр нь олсон орлогоосоо татвар төлдөг эсэх нь эргэлзээтэй. Тэгсэн хэрнээ сугалааны хураамж нэрээр иргэдээс асар их мөнгө төвлөрүүлнэ. Дусал арвижаад далай гэгчээр бага багаар хураасан мөнгө нь “далай” болж, даруй өнөөх сугалааны шанд өгөх гэж байгаа эдийнхээ зах зээлийн үнийг “хэд нугалаад” олчихно. Нугалдаггүй юмаа гэхэд л хөөрхөн хэдэн төгрөг “унагачихна”, зарагддаггүй бараагаа амархан борлуулчихна.

Ийм л “луйвар” Монголд дэлгэрээд удаж байна. Иргэд ч “хууртсаар” удаж байна.

Сүүлдээ бүр урлаг соёлынхон, олны танил гэх “сэтэр зүүгчид” хүртэл хуучирсан хогшлоо сугалаа явуулах, ёндоотой нэгнийх нь ёндоог үзэх нэрээр ард түмэндээ “шахаж”, “боловсон луйвар” хийдэг болж.

Өчигдөрхөн л гэхэд олны танихаар нэвтрүүлэгч Д.Одзаяагийн нөхөр дуучин Заяа  3333 хүний дунд 50.000 төгрөгийн “татаастай” сугалаа явуулна гэдгээ цахим хуудсаараа зарлалаа. Сугалаандаа Lexus болон Crown маркын хоёр автомашин багтаасан аж.

1 хүн, зогсож байгаа, авто зам ба тэнгэр нарын зураг байж магад

Хамгийн гол нь энэхүү сугалаанд оролцох 3333 хүнээс нийт 166.6 гаруй сая төгрөг цуглуулах аж. Гэтэл дээрх хоёр автомашины зах зээлийн үнэ энэ өртөгт дүйх үү гэдэг нь л анхаарал татам байна.

Учир мэдэх хүмүүс нь бол сошиалаар эгдүүцэж, эсэргүүцэж байна билээ. 30 орчим саяын ашиг нэмчихсэн байна л гэнэ. Улаан цайм “луйвар” байна л гэнэ. Угтаа үүнийг бид дэнслэхгүй. Хянаж шалгадаг хүмүүс нь л анхааралдаа авбал зохино. Энэ мэт хяналтгүйгээр ард түмнийг шулдаг “муйхар” үйлдлийг таслан зогсоох л хэрэгтэй. Тэгэхгүй бол гаарах нь. Даврах нь.

Жүжигчин М.Баярмагнай хүртэл өмнө нь ийм жишгээр сугалаа явуулж Приус-41 автомашинаа 80 саяаар зарсан байдаг. “Ориг” пүүз, шүдлэн үхрийн мах ч дагалдуулсан. Хоржоонтой шүү. Хяналт гэх зүйл тэнд байгаагүй. Хэсэг шуугиж, хий бухимдацгаагаад л өнгөрсөн бид.

Одоо гэтэл дуучин Заяа. Өөр хэн хэн ч хойноос нь ийм маягаар ядарсан иргэдийг “дагздах”-ыг нь бид таашгүй.

Аз гэдэг бол сохор юм. Тиймээс нийтээрээ азанд найдаж биш хөдөлмөрт итгэж амьдрах нь л зүйтэй. Гэтэл Монголчууд зүгээр суугаад л цөм баяжихаар койн, сүлжээ, сугалаанд итгэцгээдэг болж. Тэгээд л хууртаж байна. Луйвардуулж байна. Зовж олсон хэдэн төгрөгөө хулхидуулж байна. Амар хялбар аргаар нийтээрээ баяждаг ийм үлгэр амьдрал дээр  “байхгүй”.

Тиймээс хэрсүү байя. Бултаараа ухаажъя. Аливаа зүйлийн ус тосыг ялгаад ирэхийн цагт захын нэгэнд “молигодуулна” гэдэг нь ч “холоо хэвтэнэ” шүү дээ...

Нийтээрээ ухаарцгаая. Хонжворт сугалаанд итгэж худалдан авахаа больцгооё.

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 2 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)