“Президент спорт цогцолбор”-ын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг гуравдугаар сард боловсруулж дуусна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арваннэгдүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал хийсэн.
Энэ үеэр "Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор" төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг хэрэгжүүлэх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын солилцох захидалд гарын үсэг зурсан билээ.
Айлчлалын мөрөөр Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Президент спорт цогцолбор” барих төслийн ажилд дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах Ажлын хэсэг байгуулагдаад байна.
Ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Ажлын хэсгийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Буяннэмэх нар энэ сарын 2-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй-тай уулзаж, төслийн ажлын явцын талаар санал, мэдээлэл солилцсон билээ..
Уулзалтын үеэр Монголын талаас төслийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгсөн. Тухайлбал, “Президент спорт цогцолбор”-ын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажил одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд ажлын зураг энэ оны гуравдугаар сард бүрэн гарна хэмээсэн юм.
Спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэгт нийт 4 га талбайд байгуулах зөвшөөрөл олгогдсон байна. Мөн 59 мянган метр квадрат талбайтай дөрвөн давхар барилга байгууламж нь 19 спортын төрлөөр үйл ажиллагаа явуулж, 8,000-10,000 хүнд үйлчлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байгаа юм.
Sanuulga.mn