Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

ОХУ-ыг Украинаас цэргээ гаргахыг шаардсан НҮБ-ын тогтоолд Монгол Улс санал өгөхөөс түдгэлзлээ

ОХУ-ыг Украинаас цэргээ гаргахыг шаардсан НҮБ-ын тогтоолд Монгол Улс санал өгөхөөс түдгэлзлээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар Оросыг цэргийн ажиллагаагаа зогсоож, Украины нутаг дэвсгэрээс цэргээ татахыг уриалсан тогтоол баталлаа.

Уг тогтоолыг 141 улс дэмжиж, долоо нь эсрэг санал өгч, 32 улс түдгэлзсэн байна. Монгол Улс санал өгөхөөс түдгэлзжээ.

Уг тогтоолд НҮБ:

  • Украинд иж бүрэн, шударга, бат бөх энх тайван тогтоохын үндэс болсон НҮБ-ын дүрмийн зарчмуудыг дагаж мөрдөхийг уриалж байна;
  • Украины олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаар, нутаг дэвсгэрт хамаарах гол ус, тусгаар тогтнол, нэгдмэл байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах амлалтаа дахин нотлон харуулж байна;
  • Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаарын хүрээнд Украины нутаг дэвсгэрээс бүх зэвсэгт хүчнээ нэн даруй, бүрмөсөн, болзолгүйгээр гаргахыг ОХУ-аас шаардаж байгаагаа дахин илэрхийлж байна;
  • Дайнд олзлогдогсодтой харьцах, энгийн иргэдийг хамгаалах зэрэг олон улсын хуулийг дагаж мөрдөхийг бүх талуудад уриалж байна;
  • Хүн ам оршин суухад зайлшгүй шаардлагатай объект руу довтлох, устгах, ашиглах боломжгүй болгохоос татгалзах шаардлагатайг тэмдэглэж байна;
  • Мөн Украины чухал дэд бүтцүүд болон орон сууц, сургууль, эмнэлэг зэрэг иргэний объектуудад санаатайгаар халдахыг нэн даруй зогсоохыг уриалж байна;
  • Түүнчлэн НҮБ Украины нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэрэгтнүүдийг үндэсний болон олон улсын түвшинд зохих, шударга, хараат бус мөрдөн байцаах, яллах замаар хуулийн хариуцлага тооцох шаардлагатай гэж мэдэгджээ.

2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд 200,000 цэргээ илгээж, Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших Европын хамгийн том довтолгоог хийсэн гэж үздэг.

Жилийн хугацаанд мөргөлдөөний үеэр 7199 энгийн иргэн амиа алдаж, олон мянган хүн шархдан, 13 сая гаруй хүн гадаад руу эсвэл дотооддоо дүрвэсэн гэж НҮБ тооцоолсон байна.

Харин Мариуполь хотын захирагч зөвхөн энэ хотод л гэхэд 21 мянган хүн амиа алдсан тухай мэдээлсэн бол АНУ-ын зэвсэгт хүчнийхний мэдээлснээр хоёр талдаа нийт 100 мянга орчим цэрэг дайны үеэр амь үрэгдсэн гэжээ.

Эх сурвалж: ВВС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)