Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

“Арга ядсан” пиар уу, “ардаа элэглэсэн” доромжлол уу...

“Арга ядсан” пиар уу, “ардаа элэглэсэн” доромжлол уу...

“Тан, тунгаа” ялгахгүй “таглардаг”, “хазсан нохой, хазуулсан хүн хоёрыг нүүрэлдүүлдэг” Эрүүл мэндийн сайдтай болоод даруй сар гаруй хугацааг үзлээ бид. Түмний таашаалд нийцсэн ажил лав хийсэнгүй. Хийх гэж ч оролдсонгүй. Мэдэгдсэнгүй.  “Ичсэн баавгай” мэт аниргүй л байв.

Эрхгүй нэг сар шинээс өмнө “ухаан сэлгэв” бололтой.  “Эр бяр, эрдэм ухаанаа” өчүүхэн харуулах гээд үзсэн боловч шальсангүй. “Ичээндээ л хоргодож” байсан нь өлзийтэй байв уу даа гэж бодогдох. Эхнээсээ л факталсан. Одоо ч хэвээр. Цаашид харин хэрхэх бол...

Учир юун гэвээс сар шинийн босгон дээр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хорт хавдрыг ялан дийлсэн хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” гэх тэмдэг гардуулжээ. Энэ үйдлээрээ тэр өөрийгөө Эрүүл мэндийн сайдад тохирохгүй хүн гэдгээ ч давхар нотолчих шиг боллоо.

Чухамдаа бол хэлж ирдэггүй өвчин, зовлонгийн уршигтай тэмцэж буй хэн бүхэн баатар. Эдгэрсэн, эдгэрээгүй, өвчнөө ялан дийлсэн, дийлээгүй нь хамаагүй. Эд бүгд нэг л агуулгад хамаарна.

Харин ЭМ-ийн сайдын үнэлэмжээр бол эдгэрсэн нь “сайн”, эдгэрээгүй нь “муу”, өвчинөө даван туулсан нь  “Эрэлхэг баатар”, өвчинтэйгээ тэмцэж байгаа, өвчиндөө дийлдээд нас барсан нь “Эгэлгүй хулчгар” болж таарах уу. Ийм тэнэглэл байж болохгүй. Байх ч ёсгүй. Хүний зовлонгоор “тохуу” хийх, бусдыг ялгаварлан гадуурхах хэтийдсэн эрх ч түүнд байхгүй. Хүн ёсонд ч үгүй.

Эрүүл мэндийн салбарыг удирдсан сайд хүн шүү дээ уг нь. Ийм  “алиа салбадайн” үйл хийх хэрэг байна уу түүнд. Хийх ажил мундсан биш дээ ямар. Хэрэгтэй, хэрэггүй төмөр гардуулж, арга ядсан пиар хийхийн оронд эм, эмнэлгийн тоног төхөөрөмжөө шинэчлэх хэрэгтэй.

Мөн Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын хорт хавдар гэх аюулт өвчнөөр өвдөх болсон нөхцөл шалтгааныг олж тогтоох, түүнээс урьдчилсан сэргийлэх, эх орондоо эл өвчнийг бүрэн эмчлэх боломжийг бий болгохын төлөө ажиллах ёстой. Цаашлаад дан ганц хорт хавдраар ч зогсохгүй. Даруй бүх өвчнийг л эмчилдэг болох хэрэгтэй.

Ер нь эрүүл мэндийн салбар болохгүй байгаа. Энэ нь ч олон жишээгээр нотлогдсон. Одоо өөрчлөх цаг нь болсон. Энэ салбарт шинэчлэл хэрэгтэй. Шийдмэг бодлого гаргах ёстой.

Тэгж гэмээнэ сайдын хүссэн “сайн алдар” нь аяндаа ирнэ. Саадгүй, сайхнаар өвчинөө эдгээж бүгдээрээ “сайдаар шагнуулалтгүй”  “эрэлхэг баатрууд”  болно.

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)