Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Койны асуудал Хадгаламж зээлийн хоршоодын “түүхийг давтах” вий дээ...

Койны асуудал Хадгаламж зээлийн хоршоодын “түүхийг давтах” вий дээ...

 “Зүгээр суугаад” мөнгөжих. “Зүтгэлгүйгээр” баяжих. “Зүггүй” ийм л мөрөөдөлтэй хүмүүс энэ цагт олширч. Гэхдээ санаснаар болдоггүй хорвоо. Үнэгүй олз зөвхөн хулганы хавханд л байдаг гэдэг. Тийн утгаар амар, хялбар зам асуудал дагуулахаас л цаашгүй.

Койноор энэ нь нотлогдлоо. Олон ч иргэд хохирлоо. Койн авах, авахгүй, энд мөнгө оруулах оруулахгүй нь иргэдийн  сайн дурын хэрэг байсан. Аа гэхдээ мөнгөө үржүүлэх боломжтой гэх койнчдын  амлалтанд итгэж, ар өврийг сайн ухаж  цэгнэж ойлгоогүйд нь алдаа оршино, Уг нь учир мэдэх нэг нь сэрэмжлүүлж  хэлээд л байсан. Анхааруулаад байсан. Ханш нь унаад “хог” болох вий гэж. Хараа, хяналтгүй талбар шүү гэж. Хайхрах, ойлгох  нь харин ховор байв. Эцэст нь гор нь гарлаа. Иймийн тул “гоншигонохын” үндэсгүй.

Мөнхжин тэргүүтэн л бурууг нь үүрэх шинжтэй. Мөнгө хүүлсэн нэр зүүв. Анхнаасаа ийм бодол тээгээгүй нь тодорхой. Алдаж. “Авсан, өгсөн” аль алинд нь л гэм бий. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг дээ.

 Одоо чухам энэ асуудал нэгэнт ард үлдсэн. Өнгөрсөн. Харин чухал нь хохирсон иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ гэдэг л байна.

Иргэдийн татварын мөнгөөр энэ “завхарлыг” “төлөхгүй” нь тодорхой. Шударга ёсонд нийцэхгүй. Тэгэхээр зүй нь гэвэл койн гаргагчдыг л “шахах” явдал юм. Хөрөнгийг нь хурааж олны алган дээр тавьдагсан уу.  Дахин хөрөнгө “эрүүлээр босгох” хугацаа олгодогсонж уу. Ямар ч л байсан тэдгээр нөхдөөр түмний хохирлыг даруйхан “тэглүүлүүлэх” ёстой. Өөрсдөөр нь шийдүүл. Гэхдээ хууль, хяналтынхны хараа, хяналтан дор.

Мөнхжинг нэг сар цагдан хорих шийдвэр гарсан байна билээ. Хилийн хориг “хөнгөднө” гэж үзэж. Сонсохнээ иргэншилтэй холбоотой дам асуудал ч яригдаж байгаа. Хууль зөрчиж АНУ-ын давхар иргэншил авсан гэх. Энэ яахав дараагийн хэрэг. Чухал нь койны асуудал. Ер нь бол Мөнхжин тэргүүтэнг хориод нэмэргүй. Хорьсон чинээгээр нь иргэдийн хохирол барагдчих биш дээ ямар.

Өдгөөгөөс хориод жилийн өмнө болж өнгөрсөн Хадгаламж зээлийн хоршооны хэрэгтэй адил дүр зураг л өрнөх вий гэж хардах. Тэр үед Хадгаламж зээлийн хоршоо ид мандаж байв. Хадгаламжийн хүү нь банкныхаас хавь илүү тул иргэд ихээр мөнгөө байршуулж байжээ. Гэтэл гэнэт л  ХЗХ-д дампуурах нь гэх мэдээ газар авсан байдаг. Иргэдийн “итгэл” ч сулрав. Байршуулсан мөнгөө буцаан авахаар “тэмцэлдэв”. Ийнхүү асуудал ч хурцадлаа. ХЗХ-д хуримтлагдсан мөнгөөрөө баар сав, барилга байшин гээд баахан бүтээн байгуулалтын ажлуудад хөрөнгө оруулалт хийчихсэн байсан нь “алдаа” болов. Улмаар иргэдийн мөнгийг өгч чадахгүйд хүрч “толгой дараалан” дампуурсан юм. Хохирлоо нэхсэн олон хэсэг “шуугиад” намжив. Бараг ч “ужигруулж” намжаав. Харин ХЗХ-дын санхүүжүүлж байсан бүхий л өнгөтэй, өөдтэйг нь эрх мэдэлтнүүд үнэгүй шахуу хуваагаад “өвөртөлсөн” түүхтэй.

Хамаг юмыг нь царцааж, хааж, боогоогүй бол арай л өөр дүр зураг өрнөх байсан даа. Одоо койны хэрэг ч ийм л мөрөөр “замнаад” байх шиг. Анхаарал татам. Хардлага төрүүлэм. Харж л байя.  Дорвитой гаргалгаа л олох хэрэгтэй. Тэгэхгүй бол горьгүй.

Тэвдсэн, хохирсон олон “модоо барьж”, “туслаач” гээд тэнхээгээрээ “бархираад” удлаа шүү дээ...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)