Ирэх сард Монголд шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ болно
Ази тивийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээнийг “Степпе Арена”-д зохион байгуулахаар болжээ. Финланд улсад 2022 оны 6 дугаар сард болсон олон улсын мөсний хоккейн холбооны Их хурлаар шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-ийг Монгол Улсын нийслэлд зохион байгуулах шийдвэр гаргаж зарласан.
Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа хоккейн ДАШТ-ийг Олон улсын олимпын хорооны стандартыг хангасан, дөрвөн улирлын “Степпе Арена” ордонд 2023 оны 3 дугаар сарын 23-26-нд зохион байгуулахаар болсон юм.
Шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ-д Монгол, Филиппин, Кувейт, Индонези улсын шигшээ багууд өрсөлдөнө. Монгол Улс нь Олон улсын мөсний хоккейн холбоонд 1999 онд анх элссэн бол IV дивизионы ДАШТ-ийг 2023 онд зохион байгуулснаар тус дивизионы гишүүнчлэлийг авах юм байна.
Харин Азийн залуучуудын хоккейн аварга шалгаруулах тэмцээн буюу Ази, Номхон далайн улс орнуудын 18 нас хүртэлх өсвөр насны залуучуудын шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн 2023 оны 3 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд “Степпе Арена”-д явагдаж шилдгүүдээ тодруулна гэж мэдээлж байна.
Sanuulga.mn