МСҮТ-д сурдаггүй хүүхдүүдийн нэрээр төрийн мөнгийг "завшсан" хэрэг юу болов?
Төрөөс мөнгө “хумслагчид” хаа сайгүй. Төмөр замынхнаар тогтохгүй. Боловсролын салбарт ч ийм “булхай” бий. Тэр но нь аль хэдийнэ, эртээ ил болчихсон ч хариуцлага хүлээсэн нь үгүй.
Өнгөрсөн хавар даа. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан цахим хуудсаараа дамжуулж коллеж, МСҮТ-д сурдаггүй 4800 хүүхдийн нэрээр 2.3 тэрбум төгрөг авах гэж байсан үйлдлийг зогсоосноо олон нийтэд мэдэгдсэн.
Улмаар “Өмнөх жилүүдэд нууцаар, хууль бус үйлдлээр төрөөс хулгай хийж, хумсалсан, халаасалсан хэдэн тэрбум төгрөг байгаа вэ гэдгийг тогтоож, сургууль, захирал, төрийн албан хаагч бүрээр нь хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Төрийн мөнгө түрүүвчинд орох ёсгүй" хэмээн онцолж байсан юм.
Тэгвэл өдгөө түүнээс хойш жил орчмын хугацаа өнгөрчээ. Гэсэн ч өөдтэй үр дүн алга. Өчнөөн дуулианд дарагдаад өнөөх хэрэг нь ч мартагдах тийшээгээ хандаж.
Сайд өөрөө хэлсэн. Улсын мөнгө “шуналтнуудын” халаасыг “түнтийлгэх” ёсгүй ээ гэж. Зөв. Уул шугамандаа бид ийм л жишгийг тогтоохоор өчнөөн жил зүтгэж байгаа шүү дээ. Гавьяа нь л даанч гарахгүй юм.
Шалгуулна, шударга ёсыг тогтооно л гэдэг. Ярих амархан. “Яс үзэх” хэцүү. “Баарчихаад” байна. Балартчихаад байна.
Нүүрсний хулгай гэж улсаараа шуугиж байна. Аргагүй. Гэхдээ нүүрсний хулгайгаас урьтаж, “боловсролын хулгайгаа” цэгцэлчихмээр байна шүү дээ. Сануулга.мн үүнийг сануулж байна. Алив одооноос харъя. Ажил сайдаа. Ажил хууль шүүхийнхээн...
Д.Сүрэн
Sanuulga.mn