Эрдэнэтийн дулааны цахилгаан станцад гал гарчээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “ЭДЦС ТӨХК”-ийн зуухын цехийн I зууханд гал гарчээ. Энэ тухай дуудлага хоёрдугаар сарын 9-ний 00:24 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид очсон. Ингээд станцын зуухын цехийн I зууханд гал түймэр гарч байсныг гал түймэр унтраах тархалт хийж, хөөс үүсгэгч бодис ашиглан гал түймрийн тархалтыг 00:48 цагт зогсоож, 03:19 цагт гал түймрийг бүрэн унтраажээ.
Тус цахилгаан станц нь нийт 7 зуухтай, 1 зуухын үйл ажиллагаа зогсоход үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гарахгүй, үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Гал түймэрт бэртэж гэмтсэн хүн байхгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.