Газар хөдлөлтөд нэрвэгдсэн Туркийн ард түмэнд сэтгэлийн дэм өгөхийн зэрэгцээ Улаанбаатарын нөхцөл байдлыг эргэн харах шаардлагатай
Дэлхий нийт эмгэнэн гашуудаж байна. Дэндүү харамсалтай. Хэлж ирдэггүй байгалийн гамшгийн уршгаар Турк, Сирид 4000 гаруй хүний алтан амь эрсэдлээ. Цаашид ч амь насаа алдагсдын тоо өссөөр байна байх. Байшин, барилгууд “өрсөн даалуу” шиг нурж, бүтэн хот хормын төдийд сүйдэж байна. Балгийг нь Турк, Сирийн иргэд “хатуугаар” амслаа. Хэлж ирдэггүй байгалийн гай гамшиг ямар аюул эрсдэлтэйг бөмбөрцөг даяар харлаа. Үзлээ.
Туркийн ард түмэнд хандан манай Ерөнхийлөгч эмгэнэл илэрхийлж байна билээ. Туйлын зөв. Урд хөршийн хил гааль хаалттай, цар тахлын амаргүй цаг үед Монголчууд бид Туркээр л дамжин олон улсад зорчиж, Турк бараа, бүтээгдэхүүнээр л хэрэгцээгээ хангаж байсан билээ. Тэр ачийг нь бид умартах учиргүй. Тиймийн тул “тэвдсэн цагт нь тэвнээр тусладаггүй” юмаа гэхэд “тэвнийн дайны” халуун, дотно үг дайж, сэтгэлийн дэм үзүүлэх нь зүйтэй. Дан ганц үгээрээ ч бус үйлдлээр, эд материалаар ч тусаа үзүүлсэн буруудахгүй. Тэр үйлийг манай халуун сэтгэлт ард түмэн ч давхар бодож, хэрэгжүүлнэ биз ээ.
Бид Туркээс сургамж авах учиртай. Ийм аюул эрсдэл, гамшиг тохиохгүй гэх баталгаа байна уу. Ёрлож байгаа юм биш. Бодох, сэрэмжлэх, урьдчилан сэргийлэх асуудал гэдэг нь тодорхой. Тиймээс тэр үед бүгдээрээ хэрхэх вэ гэдэг нь л анхаарал татаж байна. Ялангуяа Улаанбаатарт.
Турк мэт хөгжилтэй орон хүртэл ийм аюулын давалгаанд хүчин мөхөстөж, орон сууцны барилга байгууламжууд “өрсөн даалуу” мэт нуран унаж байхад биднийх бол дэргэд нь “дашин шог” болно байх даа. Төлөвлөлтгүй хот, чанаргүй барилгууд, хэт их төвлөрсөн хүн ам. Газар хөдлөлтөд хэр тэсвэртэй байх бол. Хэн үүнд хариулт өгөх вэ?
Өнгөрсөн онд гэхэд л манай оронд 50 гаруй удаа газар хөдөлжээ. Голомтууд нь дийлэнхдээ баруун болон хойд аймгуудаар байж. Угаас манай орны газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд баруун болон хойд зүгийн аймгууд хамаардаг. Тиймээс тэнд газар хөдлөхөд Улаанбаатарт үл мэдэг төдий чичирхийлэл л мэдрэгдээд өнгөрдөг байна.
Гэвч энэ нь аюулгүй гэсэн үг биш. Одоохондоо л ийм. Учир юун гэвээс холбогдох байгууллагаас хийсэн судалгаагаар Нийслэлтэй ойр хэд хэдэн газар 6-7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтайг тогтоосон байдаг. Үүний нэг нь Эмээлт орчмын бүс. Тухайн бүсэд 10 баллын чичирхийлэл үүсэх боломжтой гэж судлаачид дүгнэжээ.
Мөн Улаанбаатар хотод аюул учруулж болзошгүй дахин гурван голомт бий. Энэ нь Дундговь аймгийн Дэрэн, Булган аймгийн Могод, Сэлэнгийн Бүрэн бүтээл. Тиймээс эдгээр голомтуудыг тогтмол хянаж, судлан шинжилж байгаа юм.
10 балл гэдэг бол асар том аюулыг авч ирж чадах хэмжээ. Туркд 7-7.5 баллын хүчтэй газар хөдлөхөд л тийм том хэмжээний гамшиг үүсч байна шүү дээ.
Эрсдэл ийнхүү бодитоор бидний өмнө байна. Иргэд ч үүнийг гадарлаж, сэтгэлээ чилээж суугаа. Тиймээс төр засгийн зүгээс зүгээр хараад сууж таарахгүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг эртнээс авах нь зохилтой.
Цаашлаад иргэдэд зайлшгүй нөхцөлд гамшгаас сэргийлэх мэдлэг мэдээллийг сайтар олгож, гамшгийн үед аврах ажиллагааг чанартай явуулж чадах, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн баг, бие бүрэлдэхүүнийг эрчимтэй бэлтгэх шаардлагатай.
Мөн Улаанбаатар хотын барилгын стандарт, бүтэц, чанарын асуудалд анхаарч, газар хөдлөлтийн чичирхийллийг тэсвэрлэх чадвараар нь үнэлж, эрэмбэлж, энэ мэдээллээ нийтэд хүргэх хэрэгтэй. Бүр чанаргүй, нурах магадлалтай барилгыг буулгасан ч гэмгүй.
Энэ мэт олон чухал ажлуудыг өрнүүлж байж л бид ирээдүйд учрах эрсдлийг бага ч болов үр дүнтэй “давж” чадна. Цаг цагаараа байдаггүй гэдэг. Цаг үе өөрчлөгдөж байна. Байгаль эхийн аашийг ч таньж, мэдэх нь “амаргүй” болж. Тиймээс “тааварлашгүй” бүхэнд урьдаар бэлтгэж, сэрэмжлэх хэрэгтэй. Тэр нь зөв. Тэр нь өлзийтэй.
Д.Сүрэн
Sanuulga.mn