Ж.Ганбаатар: Байгальд сөрөг нөлөөтэй, нөхөн сэргээлт хийдэггүй уул уурхайн асуудалд хатуу хандана
2022 оны есдүгээр сарын 19-23-нд Уул уурхайн салбарын түүхэн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээг УУХҮЯ-наас "Оюу толгой" компанитай хамтран анх удаа зохион байгуулсан.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ХАЙГУУЛ-ОЛБОРЛОЛТ-БОЛОВСРУУЛАЛТ-БОРЛУУЛАЛТ-ХУВААРИЛАЛТ-ын зарчимд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлж, энэ хүрээндээ хариуцлагатай уул уурхайг дэмжих, хууль дээдэлдэг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тууштай хамгаалах, хувийн хэвшилд боломж, итгэл өгч хариуцлагыг өндөржүүлэн хамтран ажиллах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын арга хэмжээг чиглүүлэн ажиллах болно.
Хариуцлагагүй уул уурхай яагаад байгаа вэ? гэдэг талаас нь бид асуудалд хандах ёстой. Байгальд сөрөг нөлөөтэй, нөхөн сэргээлт хийдэггүй уул уурхайн асуудалд яам бодлогын хувьд хатуу хандана.
Бид хоёрдугаар сараас хойш хайгуулын зөвшөөрөл олгоогүй. Нийт газар нутгийн 76 хувь нь зөвшөөрөл олгох боломжгүй буюу тусгай хамгаалалттай газар нутаг байгаа. Нийт газар нутгийн 2.6 хувьд нь эрэх хайх зөвшөөрөл олгогдсон бөгөөд үүний 0.23 хувьд нь олборлолтын үйл ажиллагаа явагдаж байна.
Эрэх, хайх, ашиглах зөвшөөрлийг шууд 400-гаар нь гаргахгүй.5, 10-аар нь салбарт хариуцлагатай уул уурхай хэрэгжүүлэх боломжтой байдлаар УУХҮЯ зарлана” хэмээн амлалт өгсөн юм.