Тамсагийн судсыг тасралтгүй ханаад ч “гавьяа” алга
Монголчууд өгөх дуртай ард түмэн. “Өвөртөхөө” өрөөлийн халаасанд хийгээд л, чихээд л. Өгөөж нь харин үгүй. Хэн нэгнийг “хөлжүүлж”, өөрсдөө “яс мэрэхээс” цаашгүй. Тэгээд болж байгаа мэт “дүр эсгэнэ”. Эцсийн дүндээ болохгүй нь их. Ийм л замаар цугаараа аж төрж, амьдран сууж байна.
Бид 1998-2021 оны хооронд 9.5 сая тонн газрын тос, түүхий нефтийг БНХАУ руу экспортолжээ. Тамсагийн судсыг тасралтгүй “ханасны шим” нь энэ. Гэсэн хэдий ч бидэнд атган дахиа “алт болгох” ухаан алга. Манай улс өөрсдөө газрын тос олборлодог хэрнээ газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь гадаад зах зээлээс худалдан авч байгаа нь үүний тод томруун жишээ юм. Халагламаар. Харамсмаар.
2021 оны байдлаар бид 1.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүнийг худалдаж авч, үүнд 1.1 тэрбум ам доллар зарцуулсан байна. Энэ бол маш том дүн. Цаашид ч жил бүр нэмэгдэнэ. Баараггүй. Учир юун гэвээс манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил тутам 7-10 хувиар нэмэгддэг гэх судалгаа бий. Үүгээр бол 2025 онд газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ 2.5 сая тонн болох төлөвтэй байна.
Хэрэглээ ийн тасралтгүй өсөж байгаа тул дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэрийг зайлшгүй ашиглалтад оруулах шаардлагатай. Алтанширээгийн үйлдвэр 2025 онд ашиглалтад орно гэж байгаа. Ингэснээр дотоодын хэрэглээнийхээ тал хувийг өөрсдөө хангах боломж бүрдэх юм.
Гэвч тэр хүртэл “лай ч байна зай ч байна”. Үйлдвэр хугацаандаа ашиглалтад орно гэх баталгаа ч байхгүй. Тиймээс өөр бусад гарц, шийдлүүдийг ч эрэлхийлвэл зохилтой.
Бид байнга Оросоос, Роснефтээс хараат байна гэж байхгүй. Тэнд “аягүйтэхэд” энд “эвгүйтдэг” жишгээр замнасаар удлаа. Энэ байдлыг ч шатахуун импортлогч гэх хэдэн нөхөд овжин ашиглаж, “цаадуултайгаа” зоргоороо “үгсэн”, ард түмнээ “шулсаар” байна. Ийм байж болохгүй. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй.
Уг нь Монгол Улсад 2001 оноос газрын тос боловсруулах бага хүчин чадлын үйлдвэрүүд баригдаж, шатахуун нэрэх болсон. Харамсалтай нь, өнөөдөр уг үйлдвэрүүд хаалгаа барихдаа тулжээ. Ц.Анандбазар, Б.Баттөмөр мэт шатахууны зах зээлийг “атгандаа хураачихсан” цөөн хэдэн хүний “хатгалгаар” УИХ газрын тосны үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа газрын тосны дайвар бүтээгдэхүүнд хамаарах керосин, алкалит, хүнд фракцийн дизелийн түлш, нафтад онцгой албан татвар тавьчихсан. Ингээд л хэдхэн нөхөд “баяжихаар” болж, хийж бүтээхийг эрмэлзэгчдийнх нь зам “хумигдсан” билээ.
Үүгээр ч зогсохгүй газрын тосны бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийн аргаар дахин нэрж шатахуун үйлдвэрлэдэг компаниудыг “хуурамч бензин” үйлдвэрлэж, ард түмнийг хохироож байна гэж эрх баригчид үзсэн. Угтаа бол “хуурамч бензин” гэж байхгүй. Хуурамч нөхдийн илтээр дэлгэрүүлсэн хуурамч л үг. Мэргэжлийн хяналтын байгууллага хүртэл шалгаад “өө” олоогүй л байдаг юм билээ. Гэтэл манай “аваргууд” шинжлэх ухаанаас давж сэтгээд, шинжилчихсэн, томъёолчихсон байгаа юм. Ингэж монополиуд хожиж байгаа юм. Санасандаа хүрч байгаа юм.
Чухамдаа бол эл бэсрэг үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжиж, газрын тосны дайвар бүтээгдэхүүнүүдийг татвараас чөлөөлөх нь л одоогоор хамгийн зөв шийдэл. Тэгвэл жилд багаар бодоход 50 мянган тонн дизель түлш дотооддоо үйлдвэрлэчихнэ. За тэгээд Алтанширээгийн үйлдвэр баригдчихвал бүр ч “башийна”. Ш.Адьшаа гишүүн үүнийг олоод харчихсан уу гэлтэй хуулийн төсөл өргөн барьж байна билээ. Зөв. “Зүтүүлэх” ёстой л асуудал.
Ер нь ийм бэсрэг үйлдвэрүүд цаашид ч байх л хэрэгтэй. 2025 онтой л золгочихвол манай улс нефтийн дарамтаас бүрэн “ангижирчихна” гэж олонх нь бодоод байх шиг. Үгүй шүү дээ. Хэрэглээнийхээ тал хувийг л дөнгөн данган боловсруулна. Тэгэхээр бэсрэг үйлдвэрүүдийн зүтгэл тэрхүү тоог өсгөхөд асар их нөлөө үзүүлэх нь гарцаагүй.
Нөгөөтэйгүүр Засгийн газар зөвхөн АИ92 шатахууны үнийг л тогтвортой байлгахад анхаараад байна. Гэтэл чухамдаа ард түмний амьдралд хамгийн хэрэгтэй, түгээмэл хэрэглэгддэг нь дизель түлш шүү дээ. Ц.Анандбазар гэнэ алдаж приусчдээ муулсан ч агуулгаараа бол үүнийг л хэлсэн. Анзаарсан нь харин ховор байх. Уул уурхай, барилга, бүтээн байгуулалтын ажлаас авхуулаад бүхий л зүйл дизель түлшнээс хамааралтай байгаа. Гэтэл үнэ нь тасралтгүй өссөөр байна. Эрх баригчид үүнд анхаарах ёстой. Нэгийг сэтгэвэл зохилтой.
Ядаж л газрын тосны дайвар бүтээгдэхүүнүүдийг татвараас чөлөөлчих хэрэгтэй. Тэгвэл дотооддоо шатахуун үйлдвэрлэх боломж нээгдэнэ. Ард түмний халааснаас гарах мөнгө ч багасна. Өөр шийдэл алга. Өөрийг эрэлхийлж, хугацаа алдах завтал ч алга...
Д.Сүрэн
Sanuulga.mn