Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та унтаж болохгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн бямба гарагт иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, нууц даалгавар өгсөн гэв шүү. Тэрбээр “Олны анхаарлыг татсан томоохон хэргүүд шүүхийн мэдэлд очиж байна. Шүүхийг л харж байна. Та нар нүд цавчилгүй харж байгаарай. Бүр анхааралтай ажиглаж байгаарай за юу” гэж захижээ. “Хөөрхөн” байгаа биз! “Шударга 5”-ын манлайд зогсож, “Би ямар ч албан тушаалд дэвшихгүй” гэдгээ камерийн өмнө пионер хоолойгоор батлан илэрхийлж байсан МАНай Ерөнхий сайд өөрийг нь өдий зэрэгт хүргэсэн “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зоригийг хөнөөсөн хэрэг, тэр ч атугай Засгийн газар-МАН-хэвлэл мэдээлэл-сошиал дамнан улайстал улстөржүүлж, эрх баригч хүчний зарим томоохон хандивлагчийг олон нийтийн сүлжээнд шившиглэж дөнгөсөн Хөгжлийн банктай холбоотой хэргийг өөрөөсөө ийнхүү бултуулах гэж оролдсон бололтой. Яаж байгаа юм бол...? Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаа хамаагүй иргэний нийгмийн төлөөллүүдэд “Одоо энэ хэргүүд маньд падгүй. Шүүхийг та нар л манаарай. Бүр цурам ч хийлгүй, нүд ч цавчилгүй харж байгаарай” гэж захисан нь ямар учиртай вэ. Угтаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтнээс салгаж төрийн мэдэлд авсан нь миний гавьяа. С.Зоригийг хөнөөсөн алуурчдыг суллуулж, гурван шатны шүүхийн шийдвэр дээр алуурчдын эрхийг залсан нь “Шударга 5”-ын тэмцлийн үр дүн. Ц.Даваасүрэн гишүүний илчилсэнчлэн МАНай сайд, дарга нар сонгуулийнхаа менежерүүдийг тавьж байгаад “Индианагийн их сургуулийн шигшээ багийнхан”-аар дээрэмдүүлсэн гэх Хөгжлийн банкийг дампуурлаас аварсан нь энэ Засгийн газрын гол гавьяа” гээд ПР-даж байх ёстой бус уу. Гэтэл өөрийнх нь хэлдэгчлэн амаргүй цаг үед бас л өөрийнх нь байнга хэлдгээр давс мэт шорвог үгсээр сошиалаар байнга шүршүүлдэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ийнхүү гавьяат үйлсийнхээ мөрөөдлөөс татгалзлаа гэж үү... Үгүй ээ, Ерөнхий сайд аа, та ч бас нүд цавчиж болохгүй. УИХ-ын 2024 оны сонгууль эхлэхэд бараг л нэг жил үлдчихээд байхад та бүр унтах ч эрхгүй. Учир нь та МАН-ыг сонгуульд удирдаж орох дарга нь шүү дээ. Тиймээс эхэлснээ өөрөө дуусга. Буланд шахагдаж, үнэнд гүйцэгдсэн мэт дуулиант хэргүүдээс бүү булт. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны есдүгээр сард шүүгчдийг томилж, хариуцлага тооцдог болон АТГ-ын даргыг томилдог эрхээсээ татгалзсан. Тэрбээр энэ бүх эрх мэдлээ Монгол Улсын Ерөнхий сайд танд шилжүүлсэн. Тэгэхээр “Нийгэмд дуулиан дэгдээсэн томоохон хэргүүд миний хяналтаас гарч, шүүхийн мэдэлд очсон. Та нар л нүд цавчихгүй хянаарай” гэж бүү зугт, бүү ай. Амаргүй цаг үеийн “Амаргүй” Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ч бас нүд цавчих эрх байхгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Д.Эрдэнэбилэгийнхний хяналтаас гаргаад МАН-ын аль бүлэглэл хожив, шахааны бизнес нь Ц.Нямдоржийн эрин үеэс хэний үед шилжив, С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон ч “Шударга 5”-ын хүч, оролцоотойгоор суллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Б.Амгаланбаатар нарын хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дууссан уу, С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг хэзээ зарлах гэж байна вэ, Хөгжлийн банкны томоохон зээлдэгчид болон удирдлагуудтай холбоотой хэргүүдийг таны мэдэлд шилжсэн шүүх засаглалд хэр шударга шийдэж чадах вэ, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэр холбогддог ямар ч хэргийг хуулийнхан шалгаж чадахгүй байгаа нь танай намынхны нөлөө юү зэрэг үй олон асуулт хариултаа хүлээж байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та унтаж болохгүй!