Өвлийн спортын хоёр наадам Даваа гарагт Орхон аймагт эхэлнэ
Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам энэ сарын 6-13-ны өдрүүдэд Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт уриан дор Орхон аймагт болно.
-Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1-д зааснаар Монголын бүх ард түмний спортын зуны болон өвлийн наадмыг дөрвөн жилд нэг удаа, Монголын хүүхдийн спортын наадмын зуны болон өвлийн төрлийг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар журамласан байдаг.
Энэ жил анх удаа аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан зохион байгуулж буйгаараа онцлог юм. Аймаг, орон нутгийнхаа онцлогийг гаргаж, орон нутгаа сурталчлах нь зохион байгуулагч аймгийн давуу тал. Орхон аймаг, Эрдэнэт хотын бэлэг тэмдэг хүчит арслангаар Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадмыг бэлэгдсэн бол Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын бэлэгдэл уламжлал ёсоор “ГАЛХҮҮ” байна.
Хүүхдийн наадмын спортын наадмын лого нь алтан соёмбот үсгийн нар, сар, гал гурвын дүрслэл бөгөөд дараа дараагийн хүүхдийн спортын наадмын далбаа болж зохион байгуулах эрх авсан аймаг, хот, дүүрэгт шилжин явах онцлогтой юм.
Наадмын бэлэгдэл “Галхүү”-г хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн галын дөл бөгөөд үргэлж мандан бадарч байхыг бэлэгджээ. Наадмын бэлэгдлийг хүүхдүүдэд танил байлгах үүднээс “Галхүү” хэмээн нэрлэсэн байдаг.
Өвлийн спортын хоёр наадамд нийслэл, 19 аймгаас 700 гаруй тамирчин, оролцохоор бэлтгэл сургуулалтаа хангаж байна.
Өвлийн наадмын гүйлтийн тэшүүр, шорт трейкийн тэмцээн Цэнгэлдэх хүрээлэнд, шайбтай хоккейн тэмцээн орос 19 дүгээр сургуулийн гадна талбайд, гүйлтийн цана, уулын цана, снөүбоардийн тэмцээн Сархиа цанийн бааз дээр болно.
Sanuulga.mn