Сайжруулсан шахмал түлшинд угаартаж нас барсан хоёр хүний амь насны хариуцлагыг хэн хүлээх вэ?
2022 оны зургаадугаар сарын 8-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Налайх дүүргийг сайжруулсан шахмал түлш хэрэглэх бүсэд оруулахаар шийдвэрлэж, Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай тогтоолд өөрчлөлт оруулсан билээ.
Ингэснээр тус дүүргийн 1-8 дугаар хорооны 7691 өрх энэ өвлөөс сайжруулсан шахмал түлш хэрэглэх бөгөөд нийт 23100 тонн түлш түлнэ гэсэн тооцоолол гарсан.
Гэвч энэ шийдвэр 9 сараас хэрэгжиж эхэлсэнээс хойш Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлууд гарсаар байна.
Өнөөдрийн байдлаар Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлш хэрэглэсэн айл өрхийн иргэдээс 40 гаруй хүн угаартаж, хоёр хүний амь нас эрсдээд байгаа юм.
Сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхлэхээс өмнө айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тараах ёстой. Энэ нь иргэдийг угаартах эрсдлээс урьдчилан сэргийлэх гол арга. Гэвч “төхөөрөмжийн батарей байхгүй” гэх шалтгаанаар сайжруулсан түлш хэрэглэж байгаа Налайх дүүргийн 7000 орчим өрхийн 500-д нь л угаарын хий мэдрэгч тараагдсан байна.
Угтаа бол иргэдийн аюулгүй байдлыг хангаж, шахмал түлш хэрэглэх, угаарт хордохоос урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээллийг хангалттай сайн түгээсний дараа л сайжруулсан түлш хэрэглэх шийдвэрээ хэрэгжүүлсэн бол зүйд нийцэхээр байсан юм шиг...
Төрийн энэ мэт алдаатай, хайнга шийдвэрийн уршгаар хоёрын хоёр хүний эрдэнэт амь нас эрсдэж, 40 орчим хүн эрүүл мэндээрээ хохироод байна. Хариуцлагыг нь хэн үүрэх вэ?
Сайжруулсан шахмал түлш хэрэглээнд нэвтэрснээр агаарын бохирдлын түвшин тодорхой хэмжээнд буурч, нүдэнд үзэгдэх утаа, тортогийн хэмжээ багассан нь үнэн. Угаас шахмал түлшний ганц давуу тал нь утаа, үнэр багатай гэдэгтээ оршиж байгаа. Үүгээр нь тодотгож “сайжруулсан түлш бол хамгийн аюулгүй бүтээгдэхүүн юм” гэх суртал ухуулгаар төрийн байгууллага, албан тушаалтнууд өнөөг хүртэл иргэдийн толгойг угааж байгаа.
Тэгвэл сайжруулсан шахмал түлш үнэхээр чанартай, аюулгүй бүтээгдэхүүн байж чадаж байгаа юу гэдэгт хэн хяналт тавьж байна вэ?
Өнөөг хүртэл гарсан шахмал түлштэй холбоотой асуудлуудад хэн хариуцлага хүлээж, олон олон хүний эрүүл мэнд хохироосон “гэмийнхээ” төлөөсийг төлөх вэ?
Тухайн дүүргээс УИХ, Нийслэлд сонгогдсон гишүүд, төлөөлөгч, дүүргийн Засаг дарга нар таг чимээгүй асуудлыг “нууцалж” байгаа нь ямар учиртай вэ?
Энэ асуултанд ард иргэд хариулт хүсэж, амьсгаа даран “дүлий” төрөө чимээлсээр байнa...
Эх сурвалж: www.Sanuulga.mn