Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

"Крипто валюттай холбоотой 12 хэргийн ₮300 саяын хохиролтой гомдол ирсэн"

"Крипто валюттай холбоотой 12 хэргийн ₮300 саяын хохиролтой гомдол ирсэн"

Нийслэлийн цагдаагийн газраас койнтой холбоотой гэмт хэргийн талаар мэдээлэл хийж байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар:

2022 оны хоёрдугаар сард виртуал хөрөнгийн хуулийг баталсан ба энэ нь Санхүүгийн зохицуулах хороогоор зохицуулагдаж, үүнтэй холбоотойгоор Цагдаа, Тагнуулын байгууллага мөрдөн шалгах эрхтэй.

Дээрх хуулийн хүрээнд манайд 12 крипто биржээр 37 койн арилжаалагдаж байна. Бид хэд хэдэн удирдлагуудтай уулзалт хийсэн ба ингэхдээ иргэдэд койн санал болгохдоо санхүүгийн гэмт хэрэгт холбогдож, залилан хийж байгаагүй, санхүүгийн чадамжтай, биржүүд дээрх шалгуурыг хангасан этгээдүүдэд зөвшөөрөл олгохыг хэлж байв.

Зах зээлийн зарчмаар үнэ ханшаа тогтоож явж байгаа бизнес эрхлэгчдийг шууд хянаж, шалгаж, хохироох эрх бидэнд байхгүй. Гэхдээ залилангийн шинжтэй буюу тухайн мөнгөө хувьдаа завшсан, мэдээллийг ашигласан хүмүүсийг шалгах эрх бий. Бусад төрлийн хэргийг бодоход IT, санхүүгийн мэргэжилтнүүд шаардлагатай байдаг учир бид алба хаагчдаа чадавхжуулж байна.

Виртуал хөрөнгөтэй холбоотой сүүлийн гурван жилд 468 хэрэг бүртгэгдсэн. Нууц үгээ алдаад койноо алдсан, Монголд дахь койноо гадагшаа алдсан гэх мэт 2021 онд 81 хэрэг, 2022 онд 371 2023 онд 8 хэрэг тус тус бүртгэгдсэн. Эдгээрээс бусдад санал болгоод түүнээсээ хөрөнгө босгосон гэсэн дөрвөн хэрэг бүртгэгдсэн. 430 хэрэг нь залилах буюу нууц үгээ алдаад койноо алдсан гэх мэт хэргүүд багтаж байна.

Нийт хэд нь гараад хэд нь бүртгэгдээгүй, хэдэн төгрөг төвлөрүүлсэн гэх мэдээлэл сошиал орчинд маш их байна. Нарийн мэдээллийг гол зохицуулах Санхүүгийн зохицуулах хорооноос авах нь зүйтэй. Өнөөдөр гэхэд ХУД-ийн шүүхээр 25 иргэнийг залилаад 300 гаруй сая төгрөг авсан иргэн Б долоон жилийн ял авлаа. Мөн өнгөрсөн жил Монгол Улсын иргэд крипто валютынхаа нууц үгээ алдан хөрөнгөө гадагшаа алдсаныг нь Монгол руу буцаан татаж авсан ба тухайн хэргийг үйлдсэн гэмт этгээдэд гурван жилийн ял оноосон.

"КРИПТО ВАЛЮТТАЙ ХОЛБООТОЙ 12 ХЭРГИЙН ₮300 САЯЫН ХОХИРОЛТОЙ ГОМДОЛ ИРСЭН"

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван:

Манайд крипто валюттай холбоотой 12 хэргийн 300 гаруй сая төгрөгийн хохиролтой гомдол ирсэн. Фишинг буюу хортой холбоосоор дамжуулж, цахим хэтэвчний нууц үгийг авч нэвтрэх тохиолдол байна. Түүнээс гадна иргэд бие биедээ итгээд, бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийхдээ алдаж байна. Мөн програм хангамжийн аюулгүй байдлаас үүдсэн хэрэг гарч байна. Тиймээс иргэд хортой холбоосоор дамжин мэдээллээ алдахаас болгоомжлох хэрэгтэй.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)