Зудын эрсдэл ихтэй сумдын 510 малчин өрхөд 350-750 мянган төгрөг олгоно
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Зудын эрсдэлд нэн-эмзэг малчин өрхийг хамгаалах нь” болон “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх” төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
“Зудын эрсдэлд нэн-эмзэг малчин өрхийг хамгаалах нь” төслийн хүрээнд зудын өндөр эрсдэлтэй аймгуудын нэн эмзэг малчин өрхүүдийн чадавхыг бэхжүүлж, яаралтай тусламжийн багц олгох юм. Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Ховд, Төв, Увс, Өвөрхангай, Завхан зэрэг 11 аймгийн зудын эрсдэл нэн их болон их 51 сумын эмзэг бүлгийн 510 малчин өрхөд малын тооноос хамаарч 350-750 мянган төгрөг буюу айл бүр 40-80 боодол өвс, 7-20 шуудай хивэг худалдаж авах бэлэн мөнгийг, мөн тус бүрд нь 3 кг эрдэс-витамины “Амин Тун” бэлдмэл олгох юм. Түүнчлэн өвөл хаврыг өнтэй давахад малчдад өгөх зөвлөмжийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан хүргүүлж, сургалт зохион байгуулна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Онцгой байдлын болон нөхөн сэргээх үйл ажиллагааны тусгай сан (SFERA)-ийн 223 мянган ам.долларын санхүүжилттэй уг төсөл 6 сарын турш үргэлжилнэ.
Өнгөрсөн онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам хамтран боловсруулсан “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх” төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.
Нэг сая ам.долларын санхүүжилттэй энэхүү төслийн хүрээнд
1. Системтэйгээр дээж авах, лабораторийн ажилтнуудыг сургах замаар хүн эмнэлэг, хөдөө аж ахуйн салбарт тэсвэржсэн бичил биетний тандалт судалгааг эхлүүлэх
2. Хүн эмнэлэг, хөдөө аж ахуйн салбар дахь бичил биетний эсрэг эмийн хэрэглээний өнөөгийн зураглал гаргахад Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын мэдээллийн санг ашиглах
3. Бичил биетний эсрэг эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатайг малчид, олон нийтэд ойлгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Өнөөдөр дээрх хоёр төслийг хамтран хэрэгжүүлэх гэрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
Эх сурвалж: ХХААХҮЯ