“Залилагчид хожиж”, иргэд хохирсоор байх уу?
2021 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн суманд учир битүүлгээр иргэдийн мөнгийг өсгөж өгдөг гэх "Бэлтэс мөрөн" компанийн гадна иргэд хонон өнжин дугаарлаж, ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нь дарааллаа булаацалдан эмх замбараагүй байдал үүсч байв. Гэвч энэ нь тэдний “мөрөөссөн” шиг үр дүнг авчирсангүй. Амар, хялбар аргаар мөнгөө өсгөхийг зорьсон иргэдийн хүсэл эцэстээ “хар мөр” дагуулсан. “Бэлтэс мөрөн” компани 2000 гаруй иргэнийг луйвардаж, эд хөрөнгөөр нь хохироосон байдаг.
24 сумтай Хөвсгөл аймгийн нэг суманд л гэхэд 300-400 иргэн тус компанид залилуулсан бол хамгийн дээд тал нь нэг сумын 700-800 иргэн Бэлтэс мөрөнд “дагздуулсан” байна. Албан ёсны мэдээллээр “Бэлтэс мөрөн” ХХК иргэдэд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.
Хамгийн хачирхалтай нь худал үг, сайхан амлалтаар иргэдийг залилсан “Бэлтэс мөрөн”-гийн удирдлагуудад хариуцлага хүлээлгэх үйл явц одоог хүртэл “нэг тийш болоогүй” байна. Уг нь тэдгээр хүмүүсийн хөрөнгийг хурааж, иргэдийн хохирлыг барагдуулах нь л нэн тэргүүний асуудал байлтай. Өдгөө эл хэрэг мартагдаж, иргэдийн “хохь”, “хулгайчдын зол” болж үлджээ.
Тэгвэл яг үүнтэй адилаар иргэдийг сэнхрүүлж, луйвардах гэмт хэрэг арай орчин үеийн буюу виртуал хэлбэрээр өрнөсөөр байна. Тэр нь койн. Монголчууд койн гэхээр л “нүдээ ухах” шахаж, байр, машинаа заран арилжаа хийж байсан үе саяхан. Гэвч ашиг олсон нь ховор. Хэдхэн хүнийг л хөрөнгөжүүлснээс өөр “ид шид” байсангүй.
Үүний нэг жишээ гэвэл, О.Мөнхжин тэргүүтэй хэдэн нөхөр 2021 оны сүүлээр IHC койныг олон улсын зах зээлд гаргаж байгаагаа мэдэгдэж, дуулиантайхан үйл явдал болсон. Тэрбээр IHC койныг худалдаж авбал ирээдүйд таны мөнгө хэд дахин өснө гэх агуулга бүхий сүртэй пиарын ажлуудыг тасралтгүй өрнүүлж байв.
Иргэд ч үүнд нь итгэв. Итгэхээс яахав. Хууртахдаа амархан хүмүүс шүү дээ манайхан чинь. Өнөөх койныг нь авах гээд байдгаа “тавиад” туучихлаа. Гэтэл дахиад л “тонгоруулсан” хэрэг боллоо. IHC койны ханш шальтай ч өссөнгүй. О.Мөнхжин тэргүүтнүүд л “хөлжиж” бусад нь харин “модоо барьсан” билээ.
Уг нь тэр үед УИХ-ын гишүүн Н.Учрал хэлээд л байсан. “Койн арилжаа газар авлаа. Бараг хүссэн болгон нь койн гаргах нь. Тиймээс иргэд сайтар судлах хэрэгтэй. Байр, унаагаа заран байж арилжаа хийх нь маш том эрсдэл дагуулна шүү. Эргээд төр үүнд хариуцлага хүлээх ямар ч боломжгүй ээ” гэж.
Гэвч нэмэр байсангүй ээ. Иргэд хууртсаар л. Бүр сүүлдээ хохирлоо төрөөс нэхэх хандлага ажиглагдаж байгаа юм. Энэ бол хамгийн том муйхарлал. Иргэдийн амар хялбар аргаар “мөнгөжих” гээд залилуулсан хэргийн хохирлыг жирийн олны татварын мөнгөөр барагдуулах нь байж болшгүй билээ.
Ер нь юу сайхан дур сайхан гэдэг. Луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү иргэдийн л мэдэх хэрэг. Хэн ч тэднийг албадаагүй. Гэхдээ цахим луйвар, залилан хөгжсөн энэ үед иргэд аль болох “хэрсүү” байх шаардлага эрхгүй үүсч байна. Судлах ёстой. Эрсдлээ шинжилж, тооцох хэрэгтэй. Тэгэхгүй л бол горьгүй. Хохироод л үлдэнэ. Энэ нь ч олон жишээгээр нотлогдлоо шүү дээ.
Хамгийн гол нь мэдээлэлгүй, гэнэн байдлаасаа болж иргэд “толгой дараалан” хохирсоор байна. Тэгэхэд тэднийг хохироосон нөхөд нь үнэтэй машин “хөлөглөж” тансаг байранд амьдарч “та нарыг ав гэж албадаагүй шүү дээ” хэмээн ард түмнээ элдэвлэн, доролмжилж сууна. Ийм байж таарахгүй. Шударга ёсонд нийцэхгүй.
Үүний эцэст ганц л чухал асуулт “ургаж” байна.
Хууль хяналтын байгууллагынхан энэ мэт “боловсон залилагчдад” хариуцлага хүлээлгэж, хөрөнгийг нь хурааж, олон олон иргэдийг эд, хөрөнгөөрөө хохирох эрсдлээс “гэтэлгэж” чадах уу...
Д.Сүрэн
Sanuulga.mn