Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Хөгжлийн банкны зээлийн 90-ээс дээш хувь нь Ардчилсан намын үед гарсан

Хөгжлийн банкны зээлийн 90-ээс дээш хувь нь Ардчилсан намын үед гарсан

УИХ-ын Хянан шалгах түр хорооноос  Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-УИХ-ын түр хорооноос сонсгол зохион байгуулж байгаа. Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн зээл түүний зарцуулалттай холбоотойгоор 60 орчим компанийн холбогдох гэрчүүдээс тайлбар сонссон. УИХ-ын тухай баталсан хуулийн дагуу сонсголоос долоо хоногийн өмнө олон нийтэд мэдээлэл өгөх ёстой. Ирэх долоо хоногийн Даваа гаригт хоёр дахь сонсгол эхэлнэ. Үүнтэй холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна. Хоёрдугаар сарын 6-ны өдөр эхлэх сонсголоор гурван асуудлыг хэлэлцэнэ.

Нэгдүгээрт, Хөгжлийн банканд хяналт шалгалт хийгдэж байсан явдал, дүгнэлт, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотой 21 албан тушаалтныг гэрчээр дуудна. Нэгдүгээрт, би өөрөө байгаа. Тухайн үед шалгалтыг хариуцаж байсан 21 иргэн асуугдана.

Хоёрдугаарт, Хөгжлийн банкны охин компаниас санхүүжүүлсэн зээл, зээлийн эргэн төлөлтийг хэлэлцэнэ. 40 орчим харилцаа үүссэн. Урьдчилсан дүгнэлтээр нэмж тодруулах шаардлагатай, зөрчилтэй, хангалтгүй байгаа 10 орчим зүйлийг хэлэлцэнэ. Энд нийтдээ 35 гэрч дуудагдана.

Гуравдугаарт, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн Засгийн газрын төсөл хөтөлбөрийг хэлэлцэнэ. Энэ бол зээл биш. 2012-2016 оны хувьд Хөгжлийн банкнаас улсын төсөвд суулгасан 300 гаруй төсөл арга хэмжээний үр дүнг сонсоно. Тодруулах хэрэгтэй гэсэн 43 гэрчийг дуудна. Нэмж дуудагдах шаардлага үүсч магадгүй. Тухайлбал, тухайн үед сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Х.Баттулга, Б.Намуун, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүс дуудагдана.

Хоёр дахь удаагийн сонсголыг ажлын таван өдөр гэж тооцоолж байсан боловч ажлын гурван хоногт дуусгах боломжтой юм байна. Хоёрдугаар сарын 8-н гэхэд дуусгах боломжтой.

-Гэрчүүд ирэхгүй байвал яах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Энэ заалтыг тусгасан. Гэрч мэдүүлэг өгөхдөө хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Зарим нь ирээгүй ч гэсэн бичгээр шалтгаанаа ирүүлсэн. Зарим нь ирээгүй. Хуулийн дагуу төрийн албан хаагчийг ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Иргэнийг 300 нэгжтэй тэнцэх торгууль тавина. Хянан шалгах түр хороо тусгайлан хуралдаж, ирэхгүй байгаа хүмүүсийг зарлаж, хариуцлага тооцно. Зохион байгуулалттай алга болох асуудал үүсч болзошгүй. Зайлсхийгээд зугтаад байна гэдэг нь хуулийн байгууллага анхаарлаа хандуулах шаардлага үүснэ. Асуудалтай болоод л зугтаад байна гэсэн үг. Зугтаад алга болчихвол болчихно гэсэн ойлголт байж болохгүй.

-Өмнөх баримтуудаа хуулийн байгууллагад шилжүүлсэн үү?

–Тодорхой хэмжээний мөрдөн шалгах ажиллагаа гэсэн үг. Нэгэнт ажиллагаа явж байгаа үед хэргийн үйл явцын урьдчилсан дүгнэлтийг гаргадаггүй. Бидний дүгнэлт гуравдагч сонсголын дараа УИХ-д танилцуулагдсаны дараа тайлан дүгнэлтийн үед шууд дүгнэлтийг хийнэ. Явцын үед бид та бүхэнд дүгнэлт хийх боломжийг олгож байгаа. Одоогийн байдлаар бид дүгнэлт хийгээгүй. Тал бүрээс нь асуудлыг тодруулж байгаа.

–Г.Амартүвшин гишүүн хууль бус сонсголд оролцохгүй гэсэн?

-Манай УИХ-ын нэр бүхий гишүүд үүнийг санаачилсан. Талуудын оролцоотой үүнийг байгуулсан. Тухайн хүмүүс хууль бус гэж үнэлэх нь тухайн хүний байр суурь.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Г.Амартүвшин хоёр дахь сонсгол дээр мөн гэрчээр дуудагдаж байгаа. Тухайн үеийн удирдлагууд зөвлөмжийн дагуу ямар арга хэмжээ авсныг нь асууна. УИХ-ын гишүүн, иргэн ч бай ялгаагүй өөрөө ирээд нотолгоо, залруулга хийх боломжтой. Үүнийг ашиглалгүй зөвхөн өөрийнх нь эсрэг асуудал яригдвал тухайн хүний өөрийнх нь асуудал. Ирэхгүй байгаа хүмүүсийг цагдаа, шүүх ашиглаад авчир гэж яриад байна. Энэ бол шүүхийн хараат бус байдал, УИХ өөрөө шүүх байгууллага болох байдалд орно. Энэ бол парламентын хяналт.

-Ардчилсан намтай холбоотой хүмүүсийг шалгаад байгаа юм биш үү?

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хөгжлийн банкны зээлийн 90-ээс дээш хувь нь 2012-2016 онд гарчихсан. Ардчилсан нам засаглаж байх үед гарчихсан. Ингэж харагдах нь зүй ёсных. УИХ-ын гишүүд ирэхгүй байгаа бол би өрөөнөөс авчирч чадахгүй шүү дээ. Иргэд, сонгогчид өөрсдөө дүгнэлтээ хий. Энэ бол анхных. Урьд нь ийм зүйл байгаагүй. Иргэд, сонгогчид сайн анхаараарай.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)