УИХ хоёрдугаар сарын 20-нд Зөвлөлдөх санал асуулга явуулна
УИХ-ын намрын ээлжит чуулганыг өнгөрсөн баасан гаригт хаасан. Гэхдээ ээлжит бус чуулган зарлаж, зөвлөлдөх санал асуулгаа явуулах чигтэй байгаа аж. УИХ дахь МАН-ын бүлгээс чуулган завсарласан ч хол явахгүй байх чиглэлийг гишүүддээ өгчээ.
Учир нь, УИХ хоёрдугаар сарын 20-нд зөвлөлдөх санал асуулга явуулах тогтоол баталсан. Үүний хүрээнд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийг 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. Тус зөвлөл санал асуулгыг гуравдугаар сард зохион байгуулах санал гаргасан ч хаврын ээлжит чуулганаас өмнө боловсруулсан асуултаа УИХ-д танилцуулах ёстой. Тодруулбал, “Зөвлөлдөн шийдье” санал асуулгын асуултыг зөвлөлдөх зөвлөл боловсруулж, УИХ-д танилцуулах юм. Тиймээс санал асуулгыг хугацаанд нь явуулна гэвэл УИХ ээлжит бусаар хуралдана. Зөвлөлдөх зөвлөл нэг хүн 5-60 минут зарцуулах улс төр засаглалын хүрээний нэн тулгамдсан асуудлуудын талаар санал асуулга явуулах юм.
Зөвлөлдөх зөвлөлийн дарга Чулуунбаатар “Зөвлөлдөх санал асуулгыг хоёр үе шаттай зохион байгуулна. “Зөвлөлдөж шийдье” нэрийн дор Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн нэн тулгамдсан асуудал юу байна, түүнийг шийдэх, гарц, арга замууд юу байна гэдгийг 1570 хүнээс асуух гэж байгаа юм. Нэг хүнд 45-50 минут зарцуулах асуулт бөглүүлэх юм. Дараа нь тал хүнийг нь өөрийн саналаар сонголт хийгээд, сонгогдсон хүмүүст асуулттай холбоотой мэдээллийг өгнө" гэв.
Эх сурвалж: IToim.mn