Өвлийн спортын хоёр наадам ирэх сарын 6-13-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулагдана
Монголын бүх ард түмний спортын өвлийн XIV наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт уриан дор хоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Орхон аймагт болох гэж байна. Аймгийн Засаг даргын орлогч, зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал тэргүүтэй албаныхан өвлийн спортын наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар олон нийтэд мэдээлэл өглөө.
Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1-д заснааар Монголын бүх ард түмний спортын зуны болон өвлийн наадмыг дөрвөн жилд нэг удаа, Монголын хүүхдийн спортын наадмын зуны болон өвлийн төрлийг хоёр жил тутам нэг удаа зохион байгуулахаар журамласан.
Өвлийн спортын их наадмыг орон нутагтаа зохион байгуулах эрхийн төлөө Орхон аймаг, Баянхонгор аймаг өрсөлдсөн. Биеийн тамир спортын улсын хорооноос ажлын хэсэг гарч 2022 оны аравдугаар сард Орхон аймагт ажиллаж барилга байгууламж, зам, талбайн орчин, дэд бүтэц, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хүчин чадалтай танилцаж 10 гаруй шалгуур үзүүлэлтийг тавьсанаар өвлийн спортын их наамдыг Орхон аймаг зохион байгуулах эрхийг авсан билээ.
Улсын хэмжээний хоёр томоохон өвлийн спортын наадмыг орон нутагтаа зохион байгуулснаар аймаг орон нутгаа сурталчлах, жижиг дунд бизнес эрхлэгчдийнхээ эдийн засгийг сэргээх, орлогыг өсгөх, хүүхэд, залуучуудын дунд биеийн тамир, спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх цаашлаад Орхон аймаг, Эрдэнэт хотод шилжин амьдрах иргэдийн сонирхлыг татах гээд олон талын ач холбогдолтой гэж Орхон аймгийн удирдлагууд үзэж байна.
Засаг даргын орлогч, зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргал “Зохион байгуулах хороонд Биеийн тамир улсын спортын хороо болон “Эрдэнэт” ТӨҮГ-ын төлөөлөл, мөн аймгийн бүхий л төрийн байгууллагын удирдлагууд багтан гишүүдээр ажиллаж байна. Мөн зохион байгуулалт хариуцсан дэд хороо, Хэвлэл мэдээлэл, маркетинг сурталчилгаа хариуцсан дэд хороо, Соёл урлаг, тэмцээний нээлт хаалт, шагнал гардуулах үйл ажиллагаа хариуцсан дэд хороо гэх мэт есөн хороог байгуулан өвлийн спортын наадмыг өндөр төвшинд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хороо бүр өөр өөрийн гэсэн ажлын чиг үүрэгтэй, бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Улсын хэмжээний томоохон спортын наадмыг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангахад давхардсан тоогоор 170 гаруй төрийн байгууллагын албан хаагчид болон сайн дурын ажилтан гар бие оролцож байна. Манай аймаг өвлийн спортын наадмын төрлүүдийг өмнө нь зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал, спортын гүйлтийн цана, биатлон, тэшүүр, коккейн төрлүүдээр 10 удаагийн тэмцээн уралдааныг 2003 оноос хойш зохион байгуулж ирсэн. 2015 онд тэшүүрийн өсвөр үеийн улсыын аварга шалгаруулах тэмцээн, 2013,2015,2017,2020 онд Хоккейн улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийг тус тус зохион байгуулсан туршлагатай аймаг юм” гэлээ.
Аймаг, орон нутгийнхаа онцлогийг гаргаж, орон нутгаа сурталчлах нь зохион байгуулагч аймгийн давуу тал юм. Орхон аймаг, Эрдэнэт хотын билэг тэмдэг хүчит арслангаар Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадмыг билэгдсэн бол Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадмын билэгдэл уламжлал ёсоор “ГАЛХҮҮ” байна.
Хүүхдийн наадмын спортын наадмын лого нь алтан соёмбот үсгийн нар, сар, гал гурвын дүрслэл бөгөөд дараа дараагийн хүүхдийн спортын наадмын далбаа болж зохион байгуулах эрх авсан аймаг, хот, дүүрэгт шилжин явах онцлогтой юм.
Наадмын билэгдэл “Галхүү”-г хүүхдийн наадмын логоноос сэдэвлэн бүтээсэн галын дөл бөгөөд үргэлж мандан бадарч байхыг билэгдсэн. Наадмын билэгдлийг хүүхдүүдэд танил байлгах үүднээс “Галхүү” хэмээн нэрлэжээ. Мөн Орхон аймаг, Эрдэнэт хотыг зэс, оюу өнгөөр тодорхойллоо. Шаргал өнгөөр зэсийг, номин ногоон өнгөөр оюуг, цайвар цэнхэр өнгөөр мөсийг билэгдэн энэ удаагийн өвлийн спортын наадмын өнгө төрхийг тодорхойлж, хоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд Орхон аймаг өвлийн спортоор амьсгалахаар ийн бэлтгэлээ хангаж байна.
Наадмыг өвлийн олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг гүйлтийн цана, уулын цана, гүйлтийн тэшүүр, шорт трейк, шайбтай хоккей, снөүборд гэсэн зургаан спортын төрлийн зай, ангиллаар зохион байгуулна. Тамирчдыг бүртгэх цахим систем нэгдүгээр сарын 6-нд нээгдэж, энэ сарын 18-ны 22:00 цагт хаагдсан. Биеийн тамир, спортын улсын хороон дээр аль дүүрэг, аймгаас хэдэн тамирчин ирэх мэдээлэл эцсийн байдлаар нэгтгэгдэж, өвлийн спортын хоёр их наадамд нийслэлийн 9 дүүрэг, 19 аймгаас 700 тамирчид дасгалжуулагчид оролцохоор мандатаа аваад байна. Тэмцээн болох өдрүүдэд Орхон аймагт тамирчид, дасгалжуулагчид, жуулчид гээд гадна дотнын 2300-2500 зочид ирэх тооцооллыг гаргасан.
Өвлийн наадмын гүйлтийн тэшүүр, шорт трейкийн тэмцээн Цэнгэлдэх хүрээлэнд, шайбтай хоккейн тэмцээн орос 19 дүгээр сургуулийн гадна талбайд, гүйлтийн цана, уулын цана, снөүбордийн тэмцээн Сархиа цанийн бааз дээр болно. Өнөөдрийн байдлаар зам талбайг бэлдэх үндсэн ажил дуусч зам цэвэрлэгээ, мөс өнгөлөх зэрэг өдөр тутмын ажил хийгдэж байгаа талаар Орхон аймгийн ЗДТГ-ын Мэдээллийн төвөөс мэдээллээ.
Sanuulga.mn