Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

 

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ холбогдох хуулиудыг зөрчин яаран баталсан нь улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч, хууль тогтоогч, төрийн албан тушаалтнуудын нэр хүндийг хамгаалах, үүний тулд иргэдийн үзэл бодол, хэвлэл мэдээллийн агуулгыг хянах зорилготой, Үндсэн хуулийн үзэл санаа, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас ухарсан үйлдэл хэмээн үзэж, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэл мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий байгууллагын хувьд эрс эсэргүүцэж байна.

Тус хууль олон нийтийг цахим гэмт хэрэг, тэр дундаа хүүхдийн эрх, аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хамгаалах, оюуны өмчийн зөрчлөөс сэргийлэх зорилготой хэмээн тайлбарлаж байгаа ч санаачлагчдын зүгээс хуулийн үндэслэл, хэрэгцээ шаардлагадаа дурдсан сөрөг үзэгдлүүдийг шийдвэрлэх арга замыг биш иргэдийн чөлөөт үзэл бодол, шүүмжлэл, мэдээллийн агуулгыг хянах замыг хуульчилж байгаа нь илэрхий байна.

Эрх мэдэлтэн, албан тушаалтнууд, тодорхой бүлгийн нэр хүндийг бодитой шүүмжлэлээс хамгаалах замаар эрх мэдэл, албан тушаалын ард үйлдэгддэг авлига, ашиг сонирхлын гэмт хэргийг нуун дарагдуулах, иргэний үзэл бодолтой байх, мэдээлэл хүлээн авах, хайх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боогдуулах зэрэг Үндсэн хуулийн үзэл санаа, ардчиллаас ухарсан сөрөг үр дагаврууд энэхүү хуулийн хэрэгжилтийг даган бий болохоор байгаа нь ноцтой юм.

Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэхдээ зөрчилтэй контент, агуулгыг хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагыг төрийн тодорхой бүтцийн дэргэд байгуулан төсвөөс санхүүжүүлэхээр болж байгаа нь улс төрийн намын үзэл суртлыг иргэдийнхээ үзэл бодол, мэдээлэлд тулган хүлээлгэж, агуулгыг хянан цензурддаг байсан главлит хэмээх бүтцийг дахин сэргээх эхлэл хэмээн үзэж эсэргүүцэж байна.

УИХ-ын ээлжит чуулганы хуралдааны сүүлийн өдөр, иргэний нийгмийн байгууллагууд санал өгөх, олон нийтийн санаа бодлыг сонсох боломжгүйгээр яаран баталсан уг хуулийг Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд эрс эсэргүүцэж, Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавихыг шаардаж байгааг мэдэгдэж байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)