Хөгжлийн банкны захирал асан Б.Батбаяр хяналтын сонсголд ирсэнгүй
Даваа гарагт эхэлсэн, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн зээлүүдтэй холбоотой хяналтын сонсгол дууслаа.
Сонсголд тус банкны анхны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нэг удаа ирсэн. Харин Б.Батбаяр захирал ирсэнгүй.
УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголыг дүгнэн үг хэлсэн юм.
-Нийт 60 компанийн шинжээчийн дүгнэлт сонсов. 300 орчим гэрч дуудсан ч 175 гэрч оролцлоо. Хөгжлийн банкны өнөөгийн удирдлагаас 9 хүн ирэв. Ажиглагчаар дөрвөн ТББ, АТГ, ЦЕ, Сангийн яам, Ерөнхий прокуророос оролцов.
Энэ хугацаанд Түр хороонд олон өргөдөл хүсэлт ирлээ.
Бид энэ удаад Хөгжлийн банкнаас олгосон, шууд зээлийг хэлэлцлээ. Ирэх сарын 10-наас "DBM leasing" компаниар дамжуулан олгосон зээлийг хэлэлцэнэ. Энэ нь Хөгжлийн банкны охин компани байсан юм.
Багц зээлийн мөн хэлэлцэнэ. Гуравдугаар сард Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн эргэн төлөлт, зээл олгосон явц зэргийг ярилцах юм.
Парлементийн мөрдөн шалах ажлын хүрээнд хийсэн анхны сонсгол өндөрлөө. Бид цаашид ямар жим татуулах вэ гэсэн өндөр хариуцлагын дор, ажиглагч нартай хамт, МҮОНРТ-ээр шууд дамжууллаа.
УИХ хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй. Энэ үүрэг ихээхэн орхигдсон байсан нь таван өдрийн сонсголоор ил болов. Үе үеийн парламентаар дамжуулан бид энэ эрхээ хэрэгжүүлэх ёстой. Энэ удаагийн түр хороонд МАН, ХҮН, АН-ын төлөөлөл УИХ-ын хяналтын тухай хуулийн дагуу багтсан. Сөрөг хүчнээс Т.Доржханд гишүүн 100 хувийн ирцтэй оролцлоо. Манай улсын түүхэнд анх удаа 3 сая гүйлгээ хянан шалгасан шинжээчдэд баярлалаа. Сонсголыг шууд дамжуулсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд баярлалаа. Та бүхэн иргэдэд дүгнэлт хийх, мэдэх эрхийг нь ханган ажиллав. 4000 хуулийн этгээдийн хамаарлыг шинжээчид нэг сарын хугацаанд шалгав.
Гүйлгээний мэдээллийг гаргаж өгсөн арилжааны банкуудын олон зуун албан хаагчдад маш их баярлалаа гэв.
Sanuulga.mn