Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

С.Эрдэнээ одоо боль, Э.Бат-Үүлийнхээ араас "ууланд гар"

С.Эрдэнээ одоо боль, Э.Бат-Үүлийнхээ араас "ууланд гар"

Ардчилсан намынхан “арсалдаж” байна. “Алалцаж” байна. Тамга, тэмдгээ булаалдаж байна. “Тачигнатал тэмцэлдэж” байна.

“Хонхны дуу” уянгалуулагчид хоёр хуваагдаад удлаа. Хачир дээрээ л хоёр. Харагдаж, мэдэгдэхгүй хэд ч салчихаад байгаа юм бүү мэд.

Ямартай ч өнөөдөр ээлжит бус их хурал нь хуралдаж байна. Намын даргаа сонгоно. Намтар түүхээ дахин шинэчлэх гэнэ.

АН-ын ээлжит бус их хуралд нийслэлийн өсөн дүүргийн 200 гаруй үүрээс тус бүр нэг, 330 сум бүрээс нэг, 10 мянган хүн амтай сумаас нэг төлөөлөгч сонгогдон оролцож байгаа. Эдгээр 1000 орчим төлөөлөгчид намын даргад нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалтай танилцаж, нийт гишүүд олонхийн саналаар “удирдагчаа” сонгоно.

АН-ын даргад одоогоор АН-ын гишүүн З.Нарантуяа, С.Баярцогт, Л.Гантөмөр нар өрсөлдөж байна. Харин Л.Гүндалай АН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлж байсан ч түүнд намын даргад өрсөлдөх үнэмлэх гардуулсангүй.

Дээр нэр дурдсан гурван хүний нэг нь АН-ын даргаар сонгогдоно. Гэхдээ нөгөө талд С.Эрдэнэ, Х.Баттулга нар Үндэсний бодлогын хорооноос зарласан ээлжит их хурлыг хууль бус үйлдэл, хүлээн зөвшөөрөхгүй, оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

АН-ын одоогийн дарга С.Эрдэнэ "Үндэсний бодлогын хорооноос ээлжит бус их хурлыг хуралдуулж байгаа этгээдүүдийн үйлдэл дүрмийн бус, хууль бус үйлдэл. АН-ын Үндсэн дүрмийг зөрчих үйл ажиллагааг АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон хүмүүс манлайлж байна. Ялангуяа Ж.Батсуурь оройлон оролцож, хууль бус хурлыг зохион байгуулж байна" гэжээ.

Өөрөөр хэлбэл, өнөөдрийн ээлжит бус их хурлаас хэн ч АН-ын даргаар сонгогдсон С.Эрдэнэ тэргүүтэй гишүүд хүлээн зөвшөөрөхгүй, дүрмийн бус үйлдэл гэж дахин маргах нь тодорхой байна.

Ардчилсан намынхан “нар үзэхгүй” нь бололтой. Уг нь С.Эрдэнэ, Х.Баттулга нар Эбэгийнхээ үгэнд ороод энэ хэргээс холхон байвал зүгээр сэн. Ялангуяа С.Эрдэнэ. Яаж ч бодсон цаг нь болсон. Улс төрөө орхиод Э.Бат-Үүлээ дагаж, “ууланд гарвал” таарна. Тэр нь намд нь тустай. Биед нь ч тустай.

Гэхдээ өнөөдрийн их хурлаас гарсан шийдвэрийг Улсын дээд шүүх бүртгэвэл “гэрэл асах” боломж бий. С.Эрдэнэ мэтийн “эрүүг мултлах” ганц “шаанс” л энэ. Эргэлзээтэй л дээ. Басхүү боломжтой.

Хэрхэхийг бүгдээрээ харъя. Хэзээ мөдгүй л тодроод ирэх биз ээ...

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 2 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)