Б.Жавхлан: Аль болох иргэддээ хүндрэл учруулахгүйгээр мэдээллийн зөрүүг засахаар ажиллаж байна
Хүүхдийн мөнгө олгох, өрхийн мэдээллийн сангийн мэдээлэл зөрсөн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Мэдээлэлд Сангийн сайд Б.Жавхлан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нар оролцов.
Сангийн сайд Б.Жавхлан: Өнөөдрөөс 1,095,362 хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж эхэлсэн. Энэ бол 3-4 цагийн ажил болно. Энэ нь нийт хүүхдийн 87 хувь. Үлдэж байгаа 43,820 хүүхдийн мэдээлэл зөрсөн учраас ажиллаж байна. Аль болох иргэддээ хүндрэл учруулахгүйгээр мэдээллийн зөрүүг засахаар ажиллаж байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгэлийн мэдээллийг засах ажил хийж байгаа.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан: Улсын бүртгэлийн мэдээллийн санд иргэдийн итгэх итгэл эргэлзээгүй байх тал дээр ажиллаж байна. Gov.mn сайт руу ороод иргэний байнга оршин суугаа мэдээллийг шалгах гэдэг цэс байгаа. Тэр цэсээрээ ороод бүртгэлийн дугаар юм уу, регистрийн дугаараараа өөрийн хаяган дээр хэдэн хүн байна вэ гэдэг мэдээллийг харж болохоор болсон. Хэрвээ таны хаяг дээр таны мэдэхгүй хүн байвал үүнийг Улсын бүртгэлийн байгууллага руу сайтаараа дамжуулан тайлбараа бичиж явуулах боломжтой. Манай ажилтнууд шуурхай арга хэмжээ авч, мэдээллийг засч өгнө. Улсын бүртгэлийн байгууллагын ажилтны хувьд энэ өдөр бүхэн хийгддэг ажил.
Sanuulga.mn