Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Ч.Мөнхбаяр: Уул уурхайн яам шахалт үзүүлсэн тул шаардлага хангаагүй компанид зээл өгсөн

Ч.Мөнхбаяр: Уул уурхайн яам шахалт үзүүлсэн тул шаардлага хангаагүй компанид зээл өгсөн

Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжилж байна.

Энэ үеэр Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр “Уул уурхайн яам шахалт үзүүлсэн тул шаардлага хангаагүй компанид зээл өгсөн” гэв. УИХ-ын гишүүн Э.Батшугар түүнээс чухам хэн, ямар шахалт дарам үзүүлснийг асуухад “Би дэд захирал тул надад ирээгүй. Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүд Засгийн газрын хуралдаанд суудаг.

Тэдэнд шахалт ирсэн талаар хэлж байсан. Тухайн үед Засгийн газар “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байв. Эдгээр компанид зээл олгоно уу хэмээн 60 алт олборлогчийн жагсаалтыг бидэнд ирүүлсэн. Судлаад үзтэл манай зээлийн босгыг хангах ААН байгаагүй. Гэвч бид босгоо намсган, зээл олгосон. Тэдгээр 60 компаниас арай гайгүйд нь зээл өгсөн ч харамсалтай нь тэд зээлээ төлөөгүй” гэв.

Хөгжлийн банкны Зээлийн хорооны гишүүн, тус банкны дэд захирлаар ажиллаж байсан Ч.Мөнхбаяр нь тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж “Н” ХХК-д давуу байдал олгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банкинд 21.0 сая ам долларын хохирол учруулсан  гэх үндэслэлээр, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах,  мөнгө угаах гэмт хэргүүдэд холбогдож, яллагдагчаар татагдан шалгуулж байна.

Иймд түүнийг өнгөрсөн есдүгээр сард нэг сар цагдан хорьсон. Мөн шүүхээс яллагдагч Ч.Мөнхбаярт хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэж байжээ.

Эх сурвалж: Gogo.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)