Төмөр замчид С.Бямбацогтод шаардлага өгч, ажил хаяхаа мэдэгдэв
Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлээс төмөр замд тээврийн хулгайгаас гадна авлига, албан тушаалын хэрэг үүссэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2023.01.17/ тус үйлдвэрчний холбооноос Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод шаардлага хүргүүллээ.
Монголын төмөр замын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүн Б.БАЯРАА:
-Төмөр замд авлига, албан тушаалын хулгайгаас гадна ажлын байрны дарамт өндөр. Хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс дарамтад өртдөг тогтолцоог халах хэрэгтэй. ОХУ руу ч энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр зөндөө албан бичиг өгсөн. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн Ерөнхий хороо Монгол,Оросын талаас тус бүр гурван гишүүнтэй. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Монголын багаа ахалдаг. Ерөнхий хороонд хяналт тавих үүрэгтэй, хөндлөнгийн гишүүнээр С.Цогтгэрэл ажилладаг. Энэ хүн төмөр замчин биш, улс төрийн хүрээний хүн тул энэ томилгоо буруу гэдгийг бид анхнаасаа хэлж, эсэргүүцсэн.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт манай ажилчдад 13 дахь сарын цалинг 200 хувиар олгох чиглэл өгсөн байна. 2022 онд УБТЗ алдагдалтай ажилласан тул ажилчдад 100 хувийн урамшуулал олгох шийдвэр гаргасан.
Гэтэл үйлдвэрчний эвлэл урамшуулал нэмэх шаардлага тавихаар удирдлагууд боломжгүй, мөнгө байхгүй гэдэг мөртлөө сайд чиглэл өгөнгүүт хаанаас яаж урамшуулал өгөх үү гээд хайж байна. Улстөрчид энэ мэтээр манай байгууллагад хэт их оролцож, нөлөөлж байна.
Түүгээр ч зогсохгүй УБТЗ бэлгийн дарамт, сэтгэл санааны дарамт үзүүлсэн тохиолдлууд олон. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцдоггүйгээс одоо хүртэл ажлаа хийсээр байгаа жишээ ч бий.
Хэрэг хийнгүүтээ нэг жилийн чөлөө аваад явдаг, энэ хугацаа нь дуусахаар ажилдаа ордог. Энэ мэт тогтолцооны гажуудлыг арилгаж, бугшсан авлига, албан тушаалын хэргийг холбогдох албанд шалгуулах хүсэлтээ өгч байна. Мөн УБТЗ-ын Хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан, Тээвэр зохион байгуулалтын албаны дарга нь М.Цогт гээд саяхан ОХУ-аас ирсэн залуу нарыг АТГ-т шалгуулах хүсэлтээ өгнө.
Бид ЗТХ-ийн сайдад шаардлага хүргүүлж байна. Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа асуудлыг дотооддоо шийдвэрлэх боломж байхгүй. Тийм учраас холбогдох яаманд зургаан зүйлтэй шаардлага хүргүүлж байна.
Шаардлагын эхний асуудал компанийн засаглалын тогтолцоотой холбоотой. Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь ОХУ болон Монгол Улсын хувь нийлүүлсэн оролцоотой байгууллага. Тиймээс засаглалыг нь ОХУ, Монголын талаар гурав, гурван хүний төлөөлөлтэй ерөнхий хороо ажилладаг. Гэвч тэнд улс төрийн шахаагаар томилогдсон хүмүүс байдаг. Тухайлбал, шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл тус хороонд багтдаг. Тиймээс томилгоогоо эргэж харах шаардлагатай байна. Хоёрдугаарт, Улаанбаатар төмөр зам дээр үүсээд байгаа авлигын асуудлыг хурдан шалгах шаардлагатай. Удирдлагууд нь доод шатны хүмүүстээ хяналт тавихгүй яваад байж болохгүй. Авлигын асуудлыг огт мэдээгүй юм шиг тайлбар хэлж болохгүй. Бид 2-3 жилийн өмнөөс вагон зараад байгаа асуудлаар шүгэл үлээж байсан. Гэтэл энэ асуудлыг хариуцах учиртай дарга нь мэдээгүй, хараагүй гэсэн тайлбар хэлж болохгүй. Тиймээс энэ талаар шаардлага хүргүүлж байна.
Вагон зардаг асуудал олон жил бугшсан. Аль хэдэн жилийн өмнөөс төмөр замаар тээвэрлэж байгаа нүүрсийг мөнгө болгож хувиргаад байгаа талаар бид хөндөж, АТГ-д өгч байсан. Гэвч АТГ-д өгсөн гомдол, мэдээллийг хариу огт ирдэггүй. Шалгаж байна гэсэн асуудал л яригддаг. Одоо гурван жил боллоо.
Дараагийн нэг асуудал нь, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн байгууллагын нийт ажилчдын цалингийн гэрээг шинэчлэх юм. Мөнгөний ханшны уналтыг цалинтайгаа дүйцүүлэх гэдэг зүйл байна. Түүнчлэн ажилчдын ялгаварлан гадуурхах, ажлын байрны дарамт учруулах асуудал арилахгүй байна. Шаардлагын хариуг ирэх долоо хоногт өгөхгүй бол ажил хаяна.
Sanuulga.mn