Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.25

Вакцин андуурч хийсэн есөн иргэний асуудал юу болж байна вэ?

Вакцин андуурч хийсэн есөн иргэний асуудал юу болж байна вэ?

Саяхан даа. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилчид есөн иргэнд галзуугийнх гээд сүрьеэгийн вакцин андуурч “шахсан” асуудал гарсан. Тэгвэл тэрхүү аюумшигтай үйлдлийн “золиос” болсон иргэдийн биеийн байдал дунд түвшинд байгаа аж.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл эл асуудалтай холбоотойгоор тодруулга өгөхдөө “Эрүүл мэндийн сайдын тушаалаар баг томилогдож ажилласан. Энэ багт нарийн мэргэжлийн олон эмч бий. Сүхбаатар аймагт биеийн байдлыг нь үнэлээд  шаардлагатай шинжилгээнүүдийг нь хийгээд, мэргэжлийн салбар зөвлөл багууд ажиллаад эхний эмчилгээ оношлогоог Улаанбаатарт хийхээр авчирсан. Шаардлагатай нэмэлт шинжилгээнүүдийг хийсэн. Эмчилгээний горим эхэлсэн.

Эмчилгээний хувьд сүрьеэгийн урьдчилан сэргийлэх тунгаар хийж байгаа. Сүрьеэгээр өвдөх үү, үгүй юү гэдгийг дүгнэлт өгсний дараа тодорхой хэлнэ. Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй.

Энэ асуудал Эрүүл мэндийн яаманд нэгдүгээр сарын 5-ны өдөр ирсэн. Бид 10  хоног тасралтгүй ажилласан. Газар дээр нь шуурхай баг очоод ажилласан байгаа. Тэр баг нь шуурхай нөхцөл байдлыг үнэлээд нөхцөл байдлыг Эрүүгийн цагдаагийн албанд хүргүүлсэн. Хэргийн шалгалтаар хэнд хариуцлага хүлээлгэх хэрэгтэй вэ гэдгийг тогтооно. Сайд тухайн аймгийн Засаг даргад бичиг хүргүүлсэн. Түүний дагуу тодорхой томилгооны өөрчлөлт хийгдсэн байгаа” хэмээжээ.

Монголд өмнө нь ийм асуудал гарсан түүх үгүй байдаг. Тиймээс түүхэнд байгаагүй алдаа гаргасан албан тушаалтнуудад зохих хариуцлагыг нь хүлээлгэх хэрэгтэй. Эрүүгийн цагдаагийн албанд холбогдох мэдээллийг хүргүүлсэн гэх. Ингээд л замхарчихдаг түүх бол харин ч хэдэн зуу, мянгаараа бий шүү дээ. Холбогдох байгууллагынхан нь анхаарна биз.

ЭМЯ-наас есөн иргэнийг гадаад руу явуулж, эмчлүүлэх тухай яригдаж байна билээ. Зөв. Ингэх л хэрэгтэй. “Үйлийн үрээ” үүрсэн шиг үүрэх ёстой. Эрсдэл гаргаж болохгүй. Тайвшрах асуудал ч энэ биш. Есийн есөн хүний амь нас яригдана шүү дээ. Хамгийн чухал нь л эдгээр иргэдийн эрүүл мэнд.

Хариуцлага алдвал юу болдгийг бүгдээрээ харлаа. Халширлаа. Харин одоо хариуцлага алдсан хүмүүс нь хэрхэхийг л харах үлдэж байх шив дээ. Харъя. Үзье...

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)