Х.Ган-Ялалт: Т.Аюурсайхан эелдгээр тархи угаалт хийдэг
Сэтгүүлч Х.Ган-Ялалт Тагнуулын ерөнхий газрын үүдэнд мэдээлэл хийлээ. Тэрээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг эх орноосоо урвасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайдын албан тушаалаас эгүүлэн татаж, хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэж ТЕГ-т ханджээ.
Тус мэдээллийн үеэр Х.Ган-Ялалт нь “Мөрч.мн сайтын сэтгүүлчид 2022 оны долдугаар сараас нүүрсний хэргийн араас явж, сурвалжлага бэлтгэн мэдээлэл цуглуулсан. Гэхдээ эхлээд Ханги-Мандал, Гашуунсухайтын боомтод үйл ажиллагаа явуулдаг Хятад компаниуд дээр очсон. Тус Хятад компаниуд ямар тендер, шалгуураар Монголд үйл ажиллагаа явуулдаг юм бол гэх үндэслэлээр шалган мэдээллийг бэлтгэсэн. Ингэж явсаар 2023 оны нэгдүгээр сарын 16-ний өдөр хүртэл сэтгүүлчийн хэмжээнд судалгаа хийлээ. Харин үүнээс цааш хууль хяналтын байгууллагынхан шалгах ёстой юм байна. Үнэхээр ХНХ-ын сайд Т.Аюурсайхан эрх орноосоо урвасан уу, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бий болгосон хүрээллээрээ Монгол Улсын аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөх үйл явц хийсэн үү гэдгийг шалгуулах ёстой. Үүнийг Тагнуулын ерөнхий газар шалгах ёстой гэдэг үүднээс ТЕГ-т нийт 88 хуудас материалыг бэлдэж өгсөн. Харин цагдаагийн байгууллагад 160, Авлигатай тэмцэх газарт 222 хуудас материалыг өгсөн” гэлээ.
Тэрбээр, цуглуулсан баримтаасаа дурдахдаа,
-Т.Аюурсайхан өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр 70 гаруй компаниар "Эрдэнэс Тавантолгой"-оос хулгай хийсэн байх магадлалтай. Энэ нь маш их мөнгө.
-Энэхүү хулгайн мөнгө Монголд орж ирээгүй. Тал нь барилга болсон гэдгийг бүгд мэдэж байгаа. Гэхдээ бүх мөнгөний 30 хувь нь Монголд орж ирж байгаа. 70 хувь нь гадагшаа гарсан.
-Т.Аюурсайхан ТББ, сан байгуулсан байна. Энэхүү ТББ, сангаараа дамжуулан буяны үйл ажиллагаа явуулдаг, үнэ төлбөргүйгээр бусдыг өмгөөлж, нийгэмд хамааралтай зүйлсийг хийдэг. Нэг талаараа зүй зохистойгоор эелдэг хэлбэрээр тархи угаалтыг хийдэг хэмээсэн юм.
Sanuulga.mn