Ховд аймаг дахь Булган боомтыг амралтын өдрүүдэд ажиллуулж, үйл ажиллагааг нь нэмэгдүүлнэ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа болон бусад албаны хүмүүс Ховд аймаг дахь Булган боомтод ажиллажээ.
Тус боомтоор он гарснаас хойш нийт 988 тээврийн хэрэгсэл нэвтрээд байгаа бөгөөд зорчигчийн хөл хөдөлгөөнийг энэ сарын 9-нөөс нээснээр 3 улсын нийт 1029 зорчирч дамжин өнгөрчээ.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Булган боомт цар тахлын нөхцөл байдалд халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдсөнөөр өнгөрсөн хугацаанд боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн. Ялангуяа Замын-Үүдийн боомт хаалттай байссан өнгөрсөн 1 жилийн хугацаанд ганц ч өдөр амралтгүй ажиллаж, улсын төсөвт 66 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Иймд Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн ажлын хүрээнд цаашид ч амралтын өдөр гэлтгүй ажиллуулж, боомтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой байна” гэлээ.
Засгийн газрын зүгээс тус боомтыг өргөтгөж, Шинэ гарц боомт барих ажлыг эрчимжүүлж буй. Тус боомтыг 4 гарцтай байхаар төлөвлөж, ТЭЗҮ-ийг нь боловсруулаад байгаа бөгөөд ингэснээр боомтын хүчин чадал 4-5 дахин нэмэгдэх юм.
Sanuulga.mn