Б.Пүрэвдорж: Дэлхий даяараа евро-5 шатахуун хэрэглэж байхад бид хуурамчийг хэрэглэх гэж байна
Засгийн газраас АИ-92 авто шатахууны үнийн тогтвортой байлгах тогтоолын төсөл өргөн барьсан.
Тогтоолын төсөлд АИ-92 автобензинийн гаалийн албан татварын хувь хэмжээг 0-5 хувиар тогтоох эрхийг Засгийн газарт олгох, 3 дугаар зүйлээр газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татварыг 0-5 хувиар гэж хязгаар заасан байгааг 5 хувь гэж өөрчлөхөөр тусгасан байна. Ингэснээр гол нэр төрлийн газрын тосны бүтээгдэхүүн АИ-92 автобензинийн үнийн өсөлт, сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.
Уг тогтоолийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эсрэг байр суурь илэрхийллээ.
Тэрбээр “Хуурамч шатахууны хуулийг хоёр жилийн өмнө хоёр жилийн турш ярьж байж хууль батлуулж зогсоосон. Гэтэл энэ хуурамч шатахууны хуулийг нэг УИХ-ын гишүүн дизелийн түлшид холих зорилгоор, нөгөөх нь Засгийн газар АИ-92-т холих зорилгоор оруулж ирэх гэж байна. Нефтийн агуулахуудын 75 хувьд нь оригнал дизелийн түлш хийнэ, үлдсэн 25 хувьд нь керосин, нафта холино. Доороос нь сэнсээр үлээж холино. Тэрийгээ Улаанбаатарын шатахуун түгээх рүү зөөхөд хүнд элемент нь тунаж, хөнгөн нь хөвнө. Хөнгөн элементийг хэрэглэсэн нь цагаан утаатай, хүндийг хэрэглэсэн нь хар утаатай. Ингээд машин эвдэрнэ. Машин эвдэрснээс болж хөдөө хээр хөлдж нас бартсан асуудал ч гарсан. Хоёр жилийн өмнө гудамжны шонгийн 50 метрээс доошхи нь хав хар байдаг байсан. Учир нь, хүнд элементтэй дизель түлш хэрэглэсэн автобуснаас гарсан утаа. Одоо шонгууд тийм хар биш. Тэр хар утаа урагт нөлөөлнө, генд нөлөөлнө. Үүнээс 1-2 компани 100 тэрбумын ашиг олдог. Тэндээс МАН-ынхан авлига авдаг. Ийм хуулийг оруулж ирж байна. Үүнийг УИХ-аар давуулна гэж байхгүй шүү. Дэлхий даяараа евро-5 шатахуун хэрэглэж байхад бид дундад зууны юм хэрэглээд явах нь байна. Шалтгааныг нь шатахууны үнэ өссөн гэж байгаа юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард нефтийн үнэ баррель нь 80 ам.доллар байж байгаад олон улсын хоригт ороод 40 ам.доллар болсон. Хэлэлцээрийн үр дүнд хоёр дахин буурах боломж байна. УУХҮ-ийн сайд, ГХ-ийн сайд ОХУ руу яв. Хоёр жилийн хугацаатай өндөр дүнтэй хийсэн гэрээгээ явж цуцал. Энэ хуулийг дэмжихгүй. Мөнгө чинь хэнд очсон нь мөртэй шүү” гэлээ.
Эх сурвалж: IToim.mn