Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

Я.Ганболд: Малын эмч нарын үзүүлж байгаа үйлчилгээний үнийг нэмэх шаардлагатай

Я.Ганболд: Малын эмч нарын үзүүлж байгаа үйлчилгээний үнийг нэмэх шаардлагатай

Улсын Их Хурлын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооноос "Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл" чуулга уулзалтыг өчигдөр зохион байгуулсан.

"Эдийн засгийн шинэтгэл" салбар хуралдаанд Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн (НҮТББ)-гийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрдэмтэн Я.Ганболд дараах саналыг хэлэв:

1. Малын эмчийн хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор үнэлэх замаар мал эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг тэлэх, малын эмч нарын ажлын ачааллыг үнэлэн, нэг малын эмчид болон нэг мал эмнэлгийн нэгжид оногдох мал, малчин өрхийн тоог зохистой тогтоох,

2. Малын эмч нарын нийгмийн асуудлыг анхааралдаа авах, мал эмнэлгийн нэгжид ажиллах дээд, дунд мэргэжлийн малын эмч, мэргэжилтнийг аймаг бүр бодлогоор бэлдэх, төрийн албаны шалгалтаас ажлын байрны шаардлагыг харгалзан зарим тохиолдолд чөлөөлөх хүртэл хөнгөлөлт үзүүлэх,

3. Малын эмч нарын хөдөлмөрийн аюулгүй байдлын үнэлгээ хийж, хөдөлмөр хамгааллын асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ хэрэгжүүлэх, мал эмнэлгийн хог хаягдлын менежментийг нэвтрүүлэх ажлыг төрөөс бодлогоор хэрэгжүүлэх,

4. Мал, амьтны эм ханган нийлүүлэх үндэсний сүлжээ бүрдүүлэн, мал эмнэлгийн эмийн сангуудыг бэхжүүлэх, төрөлжүүлэх, санхүүгийн хувьд бэхжихэд дэмжлэг үзүүлэх,

5. Малын эмч нар, малчдыг мэргэжлээс шалтгаалах болон зооноз өвчнөөс сэргийлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх,

6. Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж буюу малын эмч нарын үзүүлж байгаа үйлчилгээ, мал эмнэлгийн арга хэмжээний үнийг (тарифыг) нэмэх, улмаар цаг тухай бүрд нь мал эмнэлгийн нэгжид (ХХК-д) улс, аймаг, сумын төсвөөс олгох ажлыг тогтмолжуулах,

7. Малын эмч нарын хөдөлмөрийг хөнгөвчлөх, мал эмнэлгийн тасаг, нэгжийн үйлчилгээний бүтээмжийг нэмэх зорилгоор улсын хэмжээнд ШИНЭЭР инновацын үйлчилгээ болон бүтээгдэхүүн нийлүүлэх тогтолцоог бий болгох,

8. Олон улсын жишигт нийцүүлэн мал эмнэлгийн үйлчилгээг тасралтгүй, чанартай явуулах, малын эмч, малчдын харилцан хамтын ажиллагааг хөгжүүлэх үндэс болсон "Мал, амьтны эрүүл мэндийн даатгалын тухай" хуулийн (2020 онд боловсруулсан анхны эх бий) хэрэгцээ, шаардлага, үзэл баримтлалыг боловсруулах.

Дээрх саналуудыг ерөнхийд нь салбар хуралдаан дээр дэмжин, тус чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэлд тусган, цаашид УИХ болон Засгийн Газраас хийх ажлын дараалалд оруулжээ.

Орон нутагт ажилладаг малын эмч нар сум, аймаг, улсын хэмжээнд ярьж, хэлж, араас нь хөөцөлдөж ажил хэрэг болгох нь нэн чухал болохыг эрдэмтэн Я.Ганболд уриалсан юм. Мөн  Мал эмнэлгийн эм судлалын хүрээлэн дээрх ажлуудыг хэрэгжүүлэхэд тууштай хамтран ажиллана гэв.

Эх сурвалж: Gogo.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)