Нэг хүний алдаанаас үүдэж төрийн албыг бүхэлд нь “харлуулдгаа” больё
10 тэрбумтан С.Батдөлийн хэрэг “бантан” болж байна. Баахан шуугиан дэгдээж байна. Гэмтнүүдэд дохио болж байна. “Гэлбэлзүүлж” байна. Гэмгүй хэдээ ч бас “гэлбэлзүүлж” байна.
Аливаа зүйл хоёр талтай. Ард түмэн ялгах хэрэгтэй. Алдаа бий. Завхрал бий. Аа бас түүнийгээ дагаад сайн нь ч бий. Гэрэл гэгээ бий.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг. Туйлын үнэн аж. Нэг албан хаагчийн шуналаас болж төрийн алба бүхлээрээ “хэлмэгдэхийг” бултаараа харлаа.Цөс ихтүүд нь “бархирлаа”. “Цөмд нь” ажилладаг хэд нь л харин чимээгүйхэн шогширлоо.
Төрийн албаны нэр хүнд “хариуцлага” гэх зүйлтэй хамт төмөр жинлүүр дээр дэнчигнэж байдаг. Ард түмэн ч түүнийг нь хараа салгалгүй аждаг. Хачин “эмзэг” алба. Хариуцлагаас “хараат” алба. Зовлонг нь гагц эл албаныхан өөрсдөө л мэднэ.
Төрийн албан хаагчдыг бүгдийг нь С.Батдөл шигээр зүйрлэж болохгүй. Эгэл хэдтэйгээ адил зээлээ төлж, өнөө маргаашаа болгож яваа нь л энэ албанд олон. Төсвийн цалин хэцүү. Түүгээр амьдарч, аж төрнө гэдэг бүр ч хэцүү. Тийм байхад илүүг харалгүйгээр шударга ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байгаа алба хаагчдыг харлуулах биш харин ч сайшаах хэрэгтэй. Алдаршуулах ёстой.
Ер нь юм л бол “төрийн албаныхан” гэж олныг хамруулж турхирдагаа бид болих хэрэгтэй. Түүний оронд тэгж турхирахад хүргэж байгаа нөхдүүдэд л анхаарлаа хандуулбал зохилтой юм шиг.
Эл албаныханд алдаа бий. Их, багын зэрэг. Ёс зүй, ёс суртахууны. Мэдлэг чадварын. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Энэ өөр хэрэг. Гэхдээ хэн нэгэн дээр дөрөөлж бүгдийг нь хоморголохыг бол харин ч дэмжихгүй ээ.
С.Батдөлийн хэрэг бол Батдөлийн л хэрэг. Төрийн албанд ажилладаг хүн болгоны гэрт 10 тэрбум төгрөг байхгүй шүү дээ та минь. Үүнийг л сана. Ухаар...
Д.Сүрэн
Sanuulga.mn
Үнэн шүү.Төрийн алба гэдэг чинь хэн дуртай хүний амны зугаа гаргадаг алба биш шүү.Хэт туйлширч бнаа.Өөрсдийн нь үр хүүхэд ах дүү нар хэзээ нэгэн цагт төрийн