Ч.Хүрэлбаатараас мөнгө "гуйхгүй", Д.Сумъяабазараас авна
Эдийн засаг, хөгжлийн сайд болсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар LRT төсөлд зориулж төсөвт нэг ч төгрөг суулгаагүй гэдгээ сошиал хуудсаараа мэдэгдсэн. Түүний хувьд Сангийн сайдаар багагүй хугацаанд ажилласан нэгэн учраас тус төслийг эрсдэлтэй гэж үзээд эсэргүүцэж, хотын эрх мэдэл үлэмж нэмэгдсэнийг эгдүүцэн шүүмжилдэг.
Тэгвэл Ч.Хүрэлбаатар гишүүнтэй арцалдаад буй хотын гишүүдийн нэг болох Баянзүрх дүүргээс сонгогдсон Э.Бат-Амгалан яаж ийгээд LRT төслийг хэрэгжүүлнэ гэжээ.
Тэрбээр "LRT төслийн ажил ирэх дөрөвдүгээр сараас эхэлнэ.Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, томоохон шинэчлэл хийхийн тулд зоригтой хөдөлж, үр дүнд хүрэх хэрэгтэй. LRT төслийг УИХ дэмжихгүй байсан учраас түр хороо, Ерөнхий сайд, хотын дарга ярьж байгаад нийслэлд эрхийг нь шилжүүлж өгсөн. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулиар нийслэл өөрөө бие даасан санхүүгийн эх үүсвэртэй болох боломж бүрдсэн. 420 тэрбумыг хотод суулгасан" хэмээн иргэд, сонгогчидтойгоо уулзахдаа ярьжээ.
Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүн төсөвт мөнгө суулгаагүй юм бол хотын дарга, Ерөнхий сайдтайгаа ярьж байгаад нийслэлд түгжрэл бууруулахаар суулгах төсвөөс LRT төслийнхөө мөнгийг босгоно хэмээж буй бололтой.
Эх сурвалж: eguur.mn