Д.Амарбаясгалан нам, төрийн өндөр албан тушаал давхар эрхэлж төрийн хууль зөрчсөөр байна
Өмнө нь манай сайт ЗГХЭГ-ын даргын Д.Амарбаясгалангийн томилгоо МАН-ын дүрмийн “29.2-т заасан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэсэн заалт хүчинтэй хэвээр байгаа ч мань дарга 2022 оны 8 сараас хойш бүтэн 6 сарын хугацаанд намын дүрмээ зөрчин ЗГХЭГ-ын даргаар давхар албан тушаал эрхлэн ажилласаар байгаа тухай дурьдсан.
Тэгвэл энэ удаад ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын ЕНБД-аар давхар ажил эрхэлж байгаа нь Монгол төрийн хуулийг зөрчиж буй тухай мэдээллийг хүргэе.
Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд Нийтийн албан тушаалтан давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалтыг дурьдсан бөгөөд тус хуулийн 18.2-д Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн давхар ажиллахад зөвшөөрөгдөх ажил албаны тухайд
18.2.1.хууль болон олон улсын гэрээгээр зөвшөөрсөн ажил;
18.2.2.нийтэд тустай үйл ажиллагаанд чиглэсэн ажил;
18.2.3.багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил;
18.2.4.хуульд заасан бол өөр өөрийн чиг үүргийн дагуу Улсын Их Хурлын болон Засгийн газрын албан тушаал хэмээн тус тус хуульчилжээ.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь Нийтийн албан тушаалтны давхар ажил хийж болох тухай дээрх 18 дугаар зүйлд алинд нь ч хамаарахгүй нь тодорхой харагдаж байна.
Тэгэхлээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга албан тушаалтан Д.Амарбаясгалан гэдэг хүн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэх нь хуулиар хориотой гэсэн үг.
Хэлэх ярих бүрдээ “хууль биелүүлнэ, хуулийн дагуу ажиллана, хууль ёсны дагуу арга хэмжээ авна” гэж ярьдаг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө Монгол төрийн хуулийг зөрчиж, түүнийг юман чинээ тоолгүй нам төрийн өндөр албан тушаалын ажлыг давхар эрхэлж байгаа нь шударга ёсонд нийцэх үү?
Ц.Мөнх
Sanuulga.mn
Тэгвэл Ерөнхий сайд ч гэсэн засгийн газрын гишүүн, бас Их хурлын ч гишүүн тийм болохоор намын даргын ажлаа өгөх ёстой гэсэн үг үү? Тодорхой мэдээлэл оруулж өгч тусална уу, толгой эргээд бүр юу ч ойлгохоо болилоо ккк.