О.Цогтгэрэл: Энэ сарын 13-нд АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдана
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн гишүүд мэдээлэл өгч байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнөөдөр бид УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж буй асуудал болон УИХ дахь АН-ын бүлгийн асуудлыг шийдэх зэргийг хэлэлцлээ. Долоо хоногийн дараа намрын чуулган завсарлах гэж байна. Бидний хувьд асуудал шийдэх гол чуулган бол намрын чуулган байсан. Дэлхийн болон Монголын эдийн засаг амаргүй, хүнд байгаа энэ цаг үед чухал хууль тогтоомжуудыг боловсруулж чадсангүй. Уул уурхайн бус экспортыг дэмжих бодлогын шийдлийг өнгөрч буй намрын чуулганаар боловсруулж чадсангүй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах бодлогын шийдвэр гарсангүй. Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын хууль зэрэг олон хуулийн төслийг хэлэлцэж чадсангүй. Намрын ээлжит чуулганы хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд сэтгэл дундуур байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн санаачилгаар Их эвлэрлийн ажлын хэсгийг байгуулсан. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд маргалдагч талуудтай бүгдэнтэй нь уулзаж, ажлын хэсгийн бүх гишүүдийн 70 хувийн оролцоотойгоор дөрвөн удаа хурал хийсэн. Энэ сарын 13-нд АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдана. Тус хуралд маргалдагч талынхан бүгд оролцоно. Хуралд 400 орчим хүн оролцоно.
С.Эрдэнэ, Х.Баттулга тэргүүтэй улстөрчид ирэх сонгуульд АН-тай эвлэлдэн нэгдэж орох асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "2016-2020 парламентын үед ялангуяа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудал дээр тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга манай намын гурван хүнийг өөр санал өгүүлж авч үлдсэн. 2020 оны ялагдалд хүргэх бүх зүйлийг Х.Баттулга хийсэн. Эрх баригчидтай хамт тоглолт хийж, 2024 онд АН-ыг ялагдуулах гэсэн аргаа дахин хэрэгжүүлж явж байна. С.Эрдэнэ, Х.Баттулга тэргүүтэй хүмүүс 2024 онд АН-ыг ялагдуулахаар зэрэгцэн алхаж байна гэлээ.
Sanuulga.mn