Замын-Үүд автозамын боомт хэвийн горимд шилжлээ
Дэлхий даяар тархсан "Ковид-19" цар тахлын улмаас тусгай горимд шилжин ажиллаж байсан Замын-Үүд олон улсын боомтын авто замаар зорчигч, ачаа тээврийн үйл ажиллагаа 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэвийн горимд шилжлээ. Эхний ээлжинд өдөрт дунджаар 300 хүн хоёр улсын хилээр харилцан нэвтрүүлэх бөгөөд өдөр бүр бага багаар нэмэгдэх аж.
БНХАУ-д халдварын тархалт өндөр байгаа учраас халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх шаардлагатай тулгарч буй. Тухайлбал, БНХАУ руу явах манай иргэдээс 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний хариу шаардаж байгаа. Нөгөө талд Хятад улсаас ирж байгаа болон дамжин ирж байгаа иргэд ч 48 цагийн дотор өгсөн PCR шинжилгээний сөрөг хариутай байх ёстой гэж үзэж манай талаас шаардахаар болсон. Хил гараад 48 цагийн дотор буцаж ирвэл түргэвчилсэн шинжилгээ өгч хил нэвтрэх шаардлагуудыг журамд тусгасан байна.
Сүүлийн гурван жил орчим зорчигч хөдөлгөөн хаалттай байх хугацаанд Замын-Үүд боомтыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, зарим хэсгийг мөн нээсэн байна.
Sanuulga.mn