Х.Нямбаатар: УБТЗ-ын албан тушаалтан Б-гийн гэр болон хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авсан
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн шөнө явуулсан хойшлуулшгүй ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Урьд шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж УБТЗ-ын албан тушаалтан Б-гийн гэр болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс нийт 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г 48 цагийн хугацаагаар баривчилсан байгаа.
Үүнээс гадна 4 гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Иргэн Б нь УБТЗ-д өмнө нь олон жил ажиллаж байсан. Одоо Тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан албан тушаалыг хашдаг гэсэн урьдчилсан мэдээлэл байна.
Өчигдөр Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр үг хэлэхдээ “Энэ төрийн албан байгаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх тэмцлээ үргэлжлүүлнэ” гэдэг зүйлийг хэлсэн. Энэ дотор онцолж төмөр замын тээвэр зууч, тээвэрлэлтэй холбоотой авлига албан тушаалын хэргийг онцолж хэлсэн.
Дээр нь газар олголт, байгаль орчны тусгай хамгаалалттай газар нутгуудад олгосон газруудад хийж буй хяналт шалгалттай холбоотой мэдээллийг ЦЕГ-аас Ерөнхий сайдад өгсөн байгаа.
Ер нь нүүрсний хулгай бол мөсөн уулын хэсэгхэн орой нь. Үүнээс гадна гаалийн байгууллага, НДГ, Татварын газар, тээвэр ложистикийн салбар, төрийн худалдан авах ажиллагаа, газар олголтын салбарт байгаа бүхий л авлига албан тушаалын асуудалтай энэ Засгийн газар ямар ч эргэлзээгүйгээр тэмцлээ үргэлжлүүлж байна.
Иргэд болон бусад хүмүүсээс ирсэн өргөдөл гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаанууд явагдаж байгааг хэлье.
Ерөнхий сайд 2023 оны зургадугаар сарын 1-нээс өмнө төрийн албанд ажиллаж байгаа орлогоосоо давсан хэрэглээтэй хүмүүсийг ажлаа сайн дураараа өгөхийг уриалсан.
Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс өөрийнхөө орлоготой нийцсэн хэрэглээтэй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Энэ чиглэлээр тодорхой ажлууд хийнэ”гэж мэдэгдлээ.