Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Ноцтой осол үйлдсэн Ч.Маралмаагийн хэрэг юу болов?

Ноцтой осол үйлдсэн Ч.Маралмаагийн хэрэг юу болов?

Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш. Үүнийг бид арван жилийн сурах бичгээс л анхлан нүдлэдэг. Амьдралын чинь туршид үйлчлэх ганц “үнэн” энэ шүү гэж “ухаантнууд” сургадаг. Улс төрчид “попордог”. Бид ч итгэдэг. Үнэмшдэг.

Гэтэл бодит байдал өөр юм. Сурах бичгийн номлол, “сүнст” ертөнцийн жаягаас тэс өөр гэдгийг сүүлийн үед ёстой л ухаарах шиг болж байна. Монголд л ийм байдаг юм уу мэдэхгүй. Угаас л бид онцгой ард түмэн учир бүхий л зүйл дээр “онцгой” байх нь ч аргагүй биз...

“Балга” ундаа хулгайлсан “балчир” арван жилийн ял авсан түүх бий. Гэтэл “улсаа худалдсан” хувхайнууд “ундааны шахуу” мөнгөөр торгуулаад л “эгээрэлд хүрсэн” эмгэнэл бас байна. Нөлөөтэй нь хожиж, нөлөөгүй нь “мадлуулдаг” жишиг тогтож. Энд эрх тэгш гэх ойлголт алга. Энд шударга бус гэх ухагдахуун л “торойж” байна.

Үүний тод жишээ болох янзтай “дуншиж” үзэгдээ нэгэн үйл явдлыг та бүхэнд эргэн сануулъя.

Өнгөрсөн аравдугаар сард /2022.10.10/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, хоёр хүүхэд болон эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ноцтой осол гарсан. Ноцтой гэдэг үг ч бараг “жулдана”. Аймшигтай. Мөргөсөн хүүхдийнхээ нэгийг замын хашлагатай нэдрэхээ алдсан.

Ослын тал бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсан даруйд нэлээдгүй сенсаци дэгдсэн билээ. Иргэд ч бухимдаж, “гэмтэн” нь зохих шийтгэлээ хүртэх байх хэмээн итгэж байлаа. Гэтэл тэгсэнгүй ээ.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн  ч тоймтой үр дүн гарсангүй. Хэргийн тухай дорвитой мэдээлэл ч задарсангүй. Хууль хүчний байгууллагынхан тухайн үед жолооны ард сууж байсан Ч.Маралмаа гэх эмэгтэйд хилийн хориг тавьсан төдийгөөр олны хэл амыг аргацаалаа. Одоо ч эл хэрэг бүр мартагдах тийшээгээ хандаж байх шиг.

ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Ч.Маралмаагийн хэргийн талаар мэдээлэл өгөхдөө “Шалгалтын ажил үргэлжилж байгаа, хэрэг удаашраагүй. Цагдаагийн байгууллага прокурорын зөвшөөрсөн хэмжээнд л мэдээллийг өгнө. Тухайн осол гаргасан этгээд тээврийн хэрэгслийг хаанаас, хаана хүртэл жолоодсон талаар бичлэгийг нийтэд бүрэн эхээр танилцуулах боломжгүй” хэмээсэн юм.

“Шалгалтын ажил үргэлжилж байна” гэх үгээр хаацайлж хэдий болтол биднийг мунхруулах гэсэн юм бүү мэд...Ямар нэг нөлөө байна. Далд эрх ашиг нуугдаж байна. Ч.Маралмаа гэх эмэгтэйг хэн нэгэн эрх мэдэлтэн “хаацайлж, өмгөөлж” байгаа болоод л хуулийн байгууллагынхны мэдлийг ийн “тушиж” байгаа. Гарцаагүй. Баараггүй. Тиймгүй л бол тэр ийм удаан эрх чөлөө “амтлах” учиргүй.

Хоер хүн гэмтээж, долоон машин сүйдлэх нь байтугай, жолоо барихдаа гэнэ алдаж, хэн нэгний машинд доголон зураасын төдий сэв үүсгэхэд л “ачигдчих” гээд байдаг талтай шүү дээ.  Хууль хүчний байгууллагынхан хатуу үедээ “харгисаас харгис” байдаг хэрнээ энэ хэрэг дээр л “зөөлөрчихөөд” байгаа юм. Хачин шүү. Ингэдэг болоод ч удсан даа.

Ямартай ч хэрэг хуучирдаггүй гэдэг. Хуучрахаар хугацаа ч өнгөрөөгүй. Бид л харин мартчих вий дээ.

Саная. Хууль үйлчилтэл нь шударга ёсыг нэхье. Ч.Маралмаагийн хэрэг юу болсон бэ? гээд дор бүрнээ шаагья. Хуулийн өмнө хүн бүр эрх тэгш. ЭРХ ТЭГШ...

Д.Сүрэн

Sanuulga.mn

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 2 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)