Монголын хөрөнгийн бирж жижиглэн хөрөнгө оруулагчдад нийт хувьцааныхаа 50 хувийг хуваарилна
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь олон нийтэд нээлттэй компани болох зорилгоор үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг өнгөрөгч оны төгсгөлд эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “өрсөлдөөнийг хязгаарласан, хэрэглэгчдийн эрхийг хохироосон, цөөн оролцогчид давуу байдал олгосон” гэх гомдол санал иргэдийн зүгээс ирүүлсжээ.
Уг гомдол саналыг судлан “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д үндэслэл, тайлбар ирүүлэх тухай албан бичгийг ШӨХТГ-аас хүргүүлсэн байна. Үүний дагуу тус компаниас хуваарилалтыг шинэчлэн жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын хувь хэмжээг өсгөснөөр өрсөлдөөнийг чөлөөтэй болгох арга хэмжээг авч эхэлсэн тухайгаа олон нийтэд мэдэгдээд байна.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн тайлбарт “Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг олон нийтэд санал болгохдоо анх стратегийн хөрөнгө оруулагчдад 90 хувийг, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдад 10 хувийг хуваарилна гэж байсныг 70/30 болгож өөрчилж байсан. Харин хамгийн сүүлд буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд 5800 гаруй жижиглэн хөрөнгө оруулагчаас нийт 17.4 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах захиалга ирүүлж, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын хувьд оролцоо, сонирхол өндөр байх тул хуваарилалтыг дахин өөрчилж 50 хувийг нь жижиглэн хөрөнгө оруулагчдад хуваарилахаар болсон” гэсэн байна.