Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Д.Тогтохсүрэн: Энэ сарын 11-нд Үндэсний зөвшилцлийн чуулга уулзалтыг зохионо

Д.Тогтохсүрэн: Энэ сарын 11-нд Үндэсний зөвшилцлийн чуулга уулзалтыг зохионо

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: Нүүрсний хулгайн асуудал дээр УИХ, Засгийн газар манлайлал үзүүлж ажиллах ёстой. Энэ хүрээнд Авлигын эсрэг хууль, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиудад өөрчлөлт хийхээр ажлын хэсэг байгууллаа. Засгийн газраас шууд гэрээ байгуулдаг асуудлыг ярилцсан. Цаашдаа томоохон бүтээн байгуулалтын асуудал дээр гэрээ байгуулахдаа УИХ дээр оруулж ирж, шийдвэрлүүлдэг эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэж үзсэн. Нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийг бүлэг дэмжсэн. Гэхдээ ажлын хэсэг гаргаж, нэлээд сайжруулах зүйл байна гэж үзсэн.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх гэдэг агуулгыг ямар байдлаар авч үзэж байна вэ. УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх гэдэг асуудлыг ярьж байсан. Энэ асуудлуудыг дахин ярих уу?

-Парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх гэдэгт МАН-ын бүлэгт санал нэгдэж байгаа. Нөгөөдөр эрдэм шинжилгээний хурал, 11-нд Үндэсний зөвшилцлийн чуулга уулзалт, хоёрдугаар сарын дундуур санал асуулга явуулна. Иргэд нийгмийн бухимдлын үндсэн шалтгаан, гарц шийдэлд дүгнэлт хийнэ. Үүнд үндэслээд парламентын тогтолцоог боловсронгуй болгох өөрчлөлт хийх үү гэдэг асуудлыг ярина. Өнөөдрийн бүлгийн хурал дээр олон түмний дэмжлэг байвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулна. Ерөнхий сайд ч бүлгийн гишүүд ч ийм байр суурьтай байгаа.

-Өргөн хэрэглээний барааны үнэ маш их өсч байна. Энэ асуудал дээр ямар гарц шийдэл хайж байна вэ?

-Үнийн өсөлттэй холбоотой асуудлыг бүлгийн гишүүд маш сайн ярьсан. Өнгөрсөн жил үнэ тогтворжуулах чиглэлээр олон шийдвэр гаргасан. Үүний үр дүн байгаа. Тухайлбал, АИ92 шатахууны үнийг барьж байгаа. Бодит үнээрээ явбал одоо байгаа үнэнээсээ 1100 төгрөгөөр нэмэгдэнэ. Цагаан будуу, элсэн чихэр, ургамлын тос гээд хэд хэдэн бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэсэн. Үүний үр дүн тодорхой хэмжээнд гарч байгаа. Ер нь бол импортоос гаралтай үнийн өсөлт байгаа. Тиймээс бид БНХАУ-тай хилээ нээх шаардлагатай байгаа. Хоёрдугаар сарын 9-өөс эхлэн БНХАУ агаарын хилээ нээнэ гэж байгаа. Сар шинээс эхлээд хоёр хэд хэдэн байнгын боомтыг нээх асуудлыг ярьж байгаа. Энэ бүхэн үнийн өсөлтөө хамгийн сайн нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа.

-2022 он дуусахаас өмнө сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг судлах үүргийг Засгийн газарт өгсөн. Засгийн газар он дуусахаас өмнө саналаа УИХ-д оруулсан уу?

-УИХ наймдугаар сард тогтоол гаргасан. Энэ тогтоолоор сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг судлах үүргийг өгсөн. Энэ чиглэлээр Д.Амарбаясгалан сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Энэ дагуу хоёрдугаар сарын дундуур зөвлөлдөх санал асуулга явуулах УИХ-ын тогтоол баталсан. МАН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийнэ гэдэг байр суурин дээрээ байгаа. Гэхдээ үүнийг олон түмний дэмжлэг дээр хийнэ. Ард иргэд дэмжихгүй бол бид хийж чадахгүй.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)