Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Мээрийн мэндчилгээний  “меню”

Мээрийн мэндчилгээний  “меню”

Он солигдож, шинэ он гарах мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч  тэргүүтэй төр засгийн байгууллагын удирдлагууд иргэд олон нийтэд хандан баярын мэндчилгээ дэвшүүлж, түүндээ улирч буй онд хийж хэрэгжүүлсэн ажлын ололт амжилтаа дурьдаж, ирэх онд хийх ажлаа дурьддаг онцлогтой.

Энэ зарчмын дагуу 1.5 сая хүн амтай Улаанбаатар хотын дарга Нийслэлчүүддээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлжээ.

Хотын мээрийн мэндчилгээнд шинжлэл хийж үзлээ. Түүний мэндчилгээнд дурьдагдсан зарим үг, өгүүлбэрийн сонголт нь төрийн өндөр  удирдах албан тушаалтны байтугай эрүүл ухаантай хүний амнаас гарамгүй үг байх юм.

Юуны өмнө мань хотын дарга 2022 онд хийж  бүтээсэн ажлаа дурьдаж. Туулайн чинээ хийсэн ажлаа тоо баримтаар баяжуулан уулын чинээ болгож.

Мэндчилгээний хоёрдох хэсэгт мөнөөх л Ковид19 халдварт цар тахал, геополитикийн зөрчлөөс үүдэлтэй  АМАРГҮЙ ЦАГ үеийг нийслэлчүүд бид туулж байгааг  өгүүлжээ.

Тэрбээр цааш хэлсэн үгэндээ “Энэхүү эдийн засгийн хямрал, улс төрийн таагүй нөхцөл байдал Монгол Улсыг ч тойрсонгүй. Энэ цаг хугацаанд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх ардчилсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн Сүхбаатарын талбайд олон хоног шударга ёс, авлига, хээл хахуулын эсрэг жагссан монгол түмэндээ мөн талархал илэрхийлье. Та бүгдийн шударга ёсны төлөөх тэмцэл Монгол төрийн нүдийг нээж, зоригийг чангалж, эх орны хөгжлийн төлөөх бодлого, зорилтыг урагшлуулж чадлаа.

Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх Та бүхний шаардлага, зарчим бид бүхний хувьд үнэн зөвийн чиг шугам бөгөөд цаашид Монгол Улсын төв цэг, нийслэлийн хотын төлөө нээлттэй хамтран ажиллахыг урьж байна” хэмээжээ.

Хотын дарга Сүхбаатарын талбайд шударга ёсны төлөө үзэл бодлоо илэрхийлж, “нүүрсний хулгайн нэрсийг зарлах”-ыг шаардсан жагсагчидад дээрх үгээрээ “хайр зарлажээ”.  Үнэндээ мань дарга талбай дээр болсон жагсаалыг эхний орой цагдаагийн хүч хэрэглэн тараах захирамж гаргасан. Аз болж жагсагчид цагдаагийн шаардлагыг биелүүлж тэр оройдоо тарсан. Хэрэв тэгээгүй бол Монголын түүхэнд жагсагчид, хүчний байгууллага хоёрын хүч тэнцвэргүй мөргөлдөөн үүсэж, эрдэнэт хүний амь эрсдэж, эд хөрөнгө сүйдэж болох л байсан.

Гэтэл ийм захирамж гаргаж байсан дарга маань мөнөөх жагсагчидаа гэнэтхэн магтаж, шударга ёс, хээл хахуулын эсрэг жагссанд баярлалаа гэжээ. Тэр энэ хэсэгтээ “авлига” гэдэг үгийг хэрэглэлгүй “хээл хахууль” гэдэг үгээр орлуулжээ. Зүй нь бол жагсагчид “нүүрсний хулгайч, авлигачдын  эсрэг” тэмцсэн. Нүүрсний хулгайн хэрэгт сошиал орчинд  нэр нь холбогддог мань дарга ийн хэлсэн нь гайхалтай.

Даргын дараагийн үг бүр гайхал төрүүлнэ. Түүний хэлснээр бол жагсагчдын тэмцэл нь “Монгол төрийн нүдийг нээж, зоригийг чангалж, эх орны хөгжлийн төлөөх бодлого, зорилтыг урагшлуулж чадсан юм байх”. Хэзээнээс Монгол төрийн нүд сохорчив, түүнийг нь жагсагчид хэрхэн нээв. Мөн Монгол төр зориггүй байсныг жагсагчид хэрхэн зоригийг нь чангалав. Жагсагчид эх орны хөгжлийн төлөөх бодлого зорилтыг урагшлуулсан юм байх. Бид хэзээнээс сохор төрөөр "удирдуулав".

Цаашлаад мань Улаанбаатар хотын хөгжлийн төлөөх жагсагчид та бүхний шаардлага, зарчим бид бүхний хувьд үнэн зөвийн чиг шугам бөгөөд цаашид Монгол Улсын төв цэг, нийслэлийн хотын төлөө нээлттэй хамтран ажиллахыг урьж байна” гэжээ.

Түүний хэлсэн энэ үгийг дүгнэн үзвэл жагсагчдын шаардлага нь хотын бодлогын тодорхойлох үнэн зөв чиг шугам болох төдийгүй жагсагчдыг хотын төлөө нээлттэй ажиллахыг урьжээ.

Хотын даргын мэндчилгээний меню бидэнд ингэж л  ойлгогдож байна.

Арга ядаад хэлэх үг олдохоо байсан биш дээ гэж нэг бодох, хэлэх үгийг нь бэлдсэн хүн гоё чамин болгох гээд баллачихлаа гэж  нөгөө бодох, гэсэн ч Хотын дарга өөрөө анзаарч харж, ухаарч ойлгосонгүй дээ гэж бүүр бодоход хүрч байна.

А.Галт

sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 2 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)