Огцрох уу, эс огцрох уу...
Түүх давтагдаж байна.
2020 оны өвөл, хөл хорионы үеэр Эрүүл мэндийн байгууллагын ажилчид амаржсан, нялх биетэй эхийг “Өргөө” амаржих газраас углааштай нь гаргаж, тусгаарлах байр луу албадан “ачсан” байдаг. Энэ нь хэвлэл мэдээллийнхэн болоод олон нийтийн хараанд өртөж, Засгийн газар огцрох үндэс болсон юм.
Тэгвэл саяхан “Өргөө” амаржихын үүдэнд нэгэн эх, тусламж авч чадалгүй машиндаа амаржжээ.
Гадаа идэр есийн хүйтэн тачигнаж байгаа энэ үед машинд амаржина гэдэг асар том эрсдлийг дагуулна. Азаар хүний амь эрсэдсэнгүй. Гэхдээ хүний амь эрсдэх нөхцлийг бий болгосон хариуцлагыг хэн нэгэн нь хүлээх ёстой.
“Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Н.Алтантуяагаас эл явдлын талаар тодруулахад “Тухайн иргэн нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэг дээр ирсэн боловч буруу хаалган дээр очиж зогсоод үйлчилгээ авахыг хүссэн. Машинаа төв зам дагуу байрлуулсан байсан учир манайхаас хоёр эмч очиж, үзлэг хийхэд төрөх үйл явц аль хэдийн эхэлсэн байсан. Тиймээс хүүхдийг машинд төрүүлсэн. Харин эхэс гардуулах үйл ажиллагааг эмнэлэгт буюу ариун орчинд үргэлжлүүлэн хийсэн. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн. Эмнэлгээс гарсан. Харьяаллын бус хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Энэ үйл явдал 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22:00 цагийн орчимд болсон” хэмээлээ.
Эх сурвалжийн мэдээллээр бол зайлшгүй нөхцөл байдал байсан гэжээ. Итгэл нэг л төрөхгүй байна. Ингээд л аргалчихдаг жишиг хаа сайгүй бий шүү дээ. Шалгах хэрэгтэй. Нягтлах ёстой. Холбогдох байгууллагынхан нь ч анхаарна биз.
Өмнө нь бол нялх биетэй эхийг углааштай нь “тээвэрлээд” Засгийн газар бүхлээрээ огцорч байсан. Одоогийн Ерөнхийлөгч, тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх жигтэйхэн гэмшсэн үйлдэл гаргаж, шударгуу нэгний дүр эсгэсэн.
Харин одоо -26 хэмийн хүйтэнд тулгар эх эмнэлгийн гадаа, машиндаа амаржчихаад байна. Еөкийнхөө тогтоосон жишгээр бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засгаа дагуулаад огцрох зайлшгүй шалтгаан энэ мөн.
Ард түмэн харж байгаа. Огцрох уу, эс огцрох уу...
Д.Сүрэн
Sanuulga.mn
уих тарсан дээр бас 76 гаа огцорсон дээрээ ард иргэдээс сонгогдож гарчигаад авилга аваад хулгай хгд бдг гаруудаар яаахуу дээ