Бусдыг согтууруулах ундаагаар шахвал хариуцлага тооцох хууль үйлчилж эхэллээ
УИХ-ын чуулганы долдугаар сарын 5-ны нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хууль хэрэгжиж эхэллээ. Онцлох заалтуудыг хүргэж байна.
-Согтууруулах ундаагаар үйлчилдэг газрын ажилтан зохих сургалтад хамрагдах ёстой.
-Үйлчилгээ үзүүлж буй байгууллага архи, согтууруулах ундаа худалдан авах гэж буй иргэний насыг 21 хүрээгүй гэж үзвэл бичиг баримтыг нь шалгах эрхтэй.
-Архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг ил тод, нээлттэй байдлаар сонгон шалгаруулдаг болно.
-Согтууруулах ундааны литр тутамд ногдуулж буй онцгой албан татвар тутмаас 300 төгрөгийг Архидан согтуурахтай тэмцэх санд хуримтлуулна. Сангийн хөрөнгийг архины хамааралтай этгээдэд тусламж үзүүлэх, согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээг сурталчлахад зарцуулна. Сан нь удирдах зөвлөлөөрөө дамжуулан хөрөнгөө зарцуулах бөгөөд ХЗДХ-ийн сайдын дэргэд ажиллана.
-Архи, согтууруулах ундаагаар үйлчилж буй байгууллагын тусгай зөвшөөрлийг цагийн ялгамжтай болгосон. Тухайлбал, 11.00-22.00 цаг хүртэл, 14.00-04.00 цаг хүртэл гээд хоёр төрөлтэй байна. Шөнийн цагаар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн татвар, хураамж нь өндөр байх юм.
-Согтууруулах ундаагаар шахаж болохгүйг хуульчилсан. Бусдыг согтууруулах ундааны зүйлээр шахсанаас болж хэтрүүлэн хэрэглэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон тохиолдолд согтууруулах ундаагаар шахсан хүн нь тэр гэм хорыг хариуцна.
-Ахуйн хэрэглээнд хэрэглэхэд архи нэрж (нэрмэл архи) байгаа бол тусгай зөвшөөрөл шаардахгүй. Харин их хэмжээгээр үйлдвэрлэж, худалдан борлуулж буй тохиолдолд тухайн орон нутгийн удирдлагаасаа тусгай зөвшөөрөл авна.
-Жилд хоёр хувиар архины хатуулгийг бууруулж үйлдвэрлэвэл тухайн үйлдвэрлэгч татварын хөнгөлөлт эдэлнэ.
-Согтууруулах ундааны хамгийн бага савлагаа нь 0.33 литр байна.
-Хууль батлагдсан өдрөөс хойш 100 грамтай архи зарагдахгүй.
-Төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэр, зургийг, согтууруулах ундааны нэр, лого, барааны тэмдэг, зураг, сурталчилгаанд ашиглахыг хориглосон.
-Согтууруулах ундааны хүргэлтийн үйлчилгээг хориглов. Ахуйн хүрээний архидалт, амралтын газар архидалт зохион байгуулаад архи дарсаа хүргэлтээр авдаг тохиолдол их бий. Ахуй хүрээнд хүүхдийн дэргэд архи дарс уугаад ахуйн хүрээнд гэмт хэрэг зөрчил гардаг тул энэ заалтыг оруулжээ.
Эх сурвалж: IToim.mn